"Австрали, Филиппинээс ирсэн бүх хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа"

COVID-19 халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж нийт 7 сая 300 мянган хүн өвчилснөөс 412 мянган хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 102 мянга гаруй хүн шинээр халдвар авчээ.
Хойд болон Өмнөд Америк тивийн зарим улсуудад халдвар огцом маш хурдацтай тархаж эхэлсэн байна. Тухайлбал өнгөрсөн мягмар гарагт Пиру улсад 4000 гаруй тохиолдол нэмэгджээ.
Япон улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 21 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Шинэ халдварууд бүгд дотоодынх буюу гаднаас зөөвөрлөгдсөн халдвар болон нас баралт бүртгэгдээгүй. Харин БНСУ-д өчигдөр 50 тохиолдол нэмэгдэж, хоёр нас баралт бүртгэгджээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ болон салбар лабораториудад өчигдөр нийт 358 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарлаа. Тодруулбал тандалтын зорилгоор ХУД, БГД, БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 12 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, ажиглах байрны 11 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24 жолоочийн сорьц, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээнээс вирус илрээгүй.
Хамгийн чухал нь өчигдөр Австрали, Филиппинээс тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүний бүх сорьцноос вирус илрээгүй. Үүн дээр нисэх бүрэлдэхүүн, үйлчилгээний 12 ажилчдыг нэмээд нийт 274 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй" гэж мэдээллээ.
Монгол Улсад COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 194-т хүрсэн. Үүнээс 87 хүн эдгэрч эмнэлгээс гараад байна. Өнөөдөр дахин ОХУ-аас ирсэн хоёр оюутан эдгэрээд ХӨСҮТ-ээс гарч дараагийн шатны эмчилгээнд шилжлээ. Эдгэрсэн оюутнууд 27 хоног эмчлэгджээ.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар COVID-19 халдвартай 107 хүн эмчлэгдэж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал 94 нь хөнгөн, 16 нь хүндэвтэр байгаа аж. Монгол Улсын хэмжээнд ажиглалтын байранд нийт 2382 хүн байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ