Д.Нямхүү: Беларусийн дөрвөн жолоочоос коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.18/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. 8 сая 383 мянган хүн халдвар авч, 450 мянган хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар 4,3 сая эдгэрч эмнэлгээс гарсан бол 3,5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Манай улсад ажиглалтанд 270 хүн шинээр орж, 362 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжлээ. Ажиглалтанд нийт 1361 иргэн байгаа. Ажиглах байранд 0-5 наны 64 хүүхэд, 28 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 38 иргэн байна. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 5000 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 119 дугаарын утсанд 163 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 1 дуудлага ирсэн.
АНУ-д 27900 гаруй шинэ тохиолдол, 722 нас баралт нэмж бүртгэгджээ. Харин Бразил улсад 32100 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, тус улсын нийт батлагдсан тохиолдол өсөн дүнгээр 955300 гаруйд хүрээд байна. Харин нийт нас баралт 46500 гаруй болжээ. ОХУ-д өнгөрсөн 24 цагийн байдлаар 7840 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. БНСУ-д 59 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгджээ. БНХАУ-д 28 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн бол 24 дотоодын халдвар байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 363 хүнд шинжилгээ хийлээ. 359 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20 ачаа тээврийн жолоочийн шинжилгээний дөрвөн иргэнд нь корнавирус илэрлээ. Эдгээр иргэд нь 33,36,40,59 настай Беларусь улсын иргэд байна. Эдгээр иргэдийг ХӨСҮТ-рүү авчирч байгаа. Сайн мэдээ 16 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр иргэд нь 18-65 хоног эмчлэгдээд гарлаа. 19-23 насны 15 хүн, 35 настай нэг оюутан байна.
Манай улсын батлагдсан нийт тохиолдол 201 байгаа бол үүнээс эдгэрсэн тохиолдол 127 боллоо. Харин эмчилгээнд 74 хүн байгаа. биеийн байдал хөнгөн 69, хүндэвтэр 5 иргэн байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ