Д.Нямхүү: Гурван жолоочоос коронавирус илэрч, таван хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.19/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. 8 сая 554 мянган хүн халдвар авч, 455 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 125 мянгаар, нас баралт 4 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Манай улсад ажиглалтанд 297 хүн орж, 216 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжлээ. Ажиглалтад нийт 1719 хүн байна. Орон нутгийн 18 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 5000 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 119 дугаарын утсанд 218 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 3 дуудлага ирсэн.
АНУ-д 22800 гаруй шинэ тохиолдол, 754 нас баралт нэмж бүртгэгджээ. Харин Бразил улсад 22700 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 978000 гаруйд хүрээд байна. Харин нийт нас баралт 47700 гаруй болжээ.
БНСУ-д 49 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. БНХАУ-д 32 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн бол дөрөв нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол, 28 дотоодын халдвар байна. Япон улсад 46 халдварын шинэ тохиолдол, дөрвөн нас баралт нэмж бүртгэгдсэн аж.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 339 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 336 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Эдгээр иргэд нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочид бөгөөд 59 настай ОХУ-ын иргэн, 37 настай Беларусь улсын иргэн, 32 настай манай улсын нэг иргэн байна. Бусад шинжилгээг задалж хэлбэл, энэ сарын 18-нд тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн шинжилгээ, тандалтын зорилгоор авсан 13 хүний шинжилгээ, Дархан-Уул аймгаас ирүүлсэн 11 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 23 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Сайн мэдээ 5 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр эдгэрсэн иргэд нь бүгд оюутнууд байгаа.
Манай нийт батлагдсан тохиолдол 204 эдгэрсэн тохиолдол 132 боллоо. Харин эмчилгээнд 72 хүн байна. Биеийн байдал хөнгөн 67, хүндэвтэр 5 иргэн байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ