Дундговьд нэр дэвшигч 300 мотоцикл тойрогтоо хадгалж байсан нь илэрчээ

Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран хэвлэлийн хурал хийлээ.
Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах газрын дарга Б.Баярхүү:
-Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт мэдээллийн үеэр улс төрийн эрх эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 43 гомдол мэдээлэл бүртгэгдэж шалгагдаж байсан бол энэ тоо өнөөдрийн байдлаар нэг дахин нэмэгдэж 89 гомдол мэдээлэл бүртгэгдэж шалгагдаж байна. Үүний 90 хувийг гэмт хэргийн шинжтэй, 10 хувийг зөрчлийн шинжтэй мэдээлэл эзэлж байгаа.
Гэмт хэргийн шинжтэй 80 гомдол мэдээлэлд нэг гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж есөн гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар, нэг гомдол мэдээллийг харьяалалын дагуу шилжүүлсэн. ТЕГ-аас цагдаагийн байгууллагаас шилжүүлж ирсэн долоон хэрэг бүртгэлтийн хэрэгтэй нийт найман хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах ажиллагаа явуулж байгаа.
Эдгээр нь:
- Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах 5
- Иргэний сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх 2
- Сонгуулийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх 1 байна.
Сонгуулийн үеэр холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөж аливаа бусдын нэр төр, алдар хүндэд халдах мөнгө эд зүйл тараахгүй сонгуулийн хууль тогтоомжийг дагаж мөрдөж ажиллах талаар Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллагаас хамтарсан албан шаардлагыг нам эвсэл нэр дэвшигчдэд гардуулж өгсөн. Гэтэл албан шаардлага өгсөөр байтал зарим нам эвсэл, улс төрийн хүчин, нэр дэвшигчдийн зүгээс сонгуулийн хууль тогтоомжийг зөрчиж цахим хэрэгсэл ашиглан бусдын нэр хүндийг гутааж, худал мэдээлэл түгээх, мөнгө эд зүйл тараах байдлаар сонгогчдын саналыг авах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа. Тиймээс энэ үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч ажиллаж байна.
ЦЕГ-ын НХЖ,ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат:
-Ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлснээс өнөөдрийг хүртэл хугацаанд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэмт хэрэг зөрчлийн талаар 1118 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүний 518 дуудлага, мэдээлэл нь нийслэлд, 600 дуудлага нь орон нутагт бүртгэгдсэн. Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг зөрчлийн талаарх анхны гомдол мэдээлэл дөрөвдүгээр сарын 21-нд ирсэн. Үүнээс хойш 647 гомдол мэдээлэл бүртгэгдэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Шалгалтын явцад 36 хүний мэдээллийг Тагнуулын ерөнхий газар ШӨХТГ, Улсын бүртгэлийн байгууллагад шилжүүлсэн. Мөн 36 гомдолд зөрчлийн хэрэг нээж үүнээс гурван хэргийг эрүүгийн хэрэгт шилжүүлж шийдвэрлүүлсэн. Нийт зөрчил үйлдсэн есөн хүнд шийтгэл оногдуулсан. Цагдаагийн байгууллагад ирүүлж байгаа дуудлага мэдүүлгийн тодорхой хувийг сонгогчдод мөнгө эд зүйл, шатахуун тараах зэрэг хууль бус үйлдлийн талаар дуудлага мэдээлэл эзэлж байгаа бөгөөд иргэд сонгогчдын саналыг худалдан авч сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх гэсэн оролдлогуудыг цагдаагийн албан хаагчид тухай бүрт нь илрүүлэн холбогдох шалгалтыг холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу авч хэрэгжүүлж байна. Тухайлбал,
- Зургадугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд нэр бүхий намын сонгуулийн штабын ажилчид сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хашаа барьж өгсөн тухай асуудал гарсан. Уг асуудлыг шалгаж шүүхэд шилжүүлж , холбогдогч Б-д 20 сая төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулсан байна
- Зургадугаар сарын 12-ны өдөр иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу шалгалт хийхэд УИХ-ын сонгуульд Дундговь аймагт нэр дэвшигчээс 300 гаруй мотоцикл тойрогтоо тээвэрлэн авчирч, хадгалж байсан үйлдлийг илрүүлсэн. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
- Зургадугаар сарын 15-ны өдөр иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийг шалгахад УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа Б-гийн гэр бүлийн хүн Баянгол дүүрэгт төрсөн өдрөө тэмдэглэж байгаа нэрийдлээр бэлэн мөнгө тараасан асуудал гарсныг шалгаж байна.
- Зургадугаар сарын 16-ны өдөр иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийг шалгахад нэр дэвшигч П-ийн сурталчилгааны менежер бэлнээр 40 сая төгрөг авч явсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
- Зургадугаар сарын 18-ны өдөр иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийг шалгахад УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчээс сонгуулийн сурталчилгаанд ажиллаж буй тээврийн хэрэгслийг шатахуунаар хангах нэрийдлээр 80 орчим иргэний тээврийн хэрэгсэлд шатахуун хийж өгсөн гэх асуудлыг шалгах ажил явуулж байгаа.
- Зургадугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийг шалгахад тухайн аймагт нэр дэвшигч А-гийн сонгуулийн штабын ажилтан нэр дэвшигчийн төлөө саналаа өгүүлэх зорилгоор нэр бүхий долоон хүнтэй урьдчилан уулзаж бэлэн мөнгө тараасан үйлдлийг шалгаж байна.
Сонгуулийн тухай хуульд мөнгө эд зүйл тараах, гэрээ байгуулах, хэлцэл хийх, нийтийг хамарсан баяр наадам урлагийн тоглолт , хүлээн авалт зохион байгуулах, сонгуульд оролцохыг татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн агуулга бүхий сурталчилгаа явуулах, хэвлэл мэдээлэл цахим орчинг ашиглан чансаа тогтоох санал асуулга зохион байгуулахыг хориглодог. Мөн хуульд зааснаас өөр аргаар сурталчилгаа явуулахыг хориглодог. Эдгээрийг зөрчсөн тохиолдолд нь санал хураалт гарахаас өмнө тогтоогдвол СЕХ тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож нийтэд мэдээлэх зохицуулалттай.
Коронавирус цар тахалтай холбоотой жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон. Тухайлбал, Хөвсгөл аймагт АН-аас нэр дэвшигчийг дэмжих нэрийдлээр жагсаал, цуглаан зохион байгуулсныг таслан зогсоосон. Цаашид цагдаагийн байгууллагаас нийгмийн хэв журмыг алдагдуулсан аливаа үйлдлийг таслан зогсоож хуулийн хатуу хариуцлага тооцох талаар эрс шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ