Д.Нямхүү: Долоон хүнд коронавирус илэрч, долоон хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.22/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. 9 сая 31 мянган хүн халдвар авч, 469 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 122 мянгаар, нас баралт 3 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Манай улсад ажиглалтанд 2 хүн орж, 6 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжлээ. Ажиглалтад нийт 2183 хүн байна. 1-5 насын 115 хүүхэд, 46 жирэмэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 277 хүн байгаа. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 6000 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 119 дугаарын утсанд 120 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 3 дуудлага ирсэн.
АНУ-д 32400 гаруй шинэ тохиолдол, 560 нас баралт нэмж бүртгэгджээ. Харин Бразил улсад 17400 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 1 сая 85 мянга гаруйд хүрээд байна. Харин нийт нас баралт 50600 гаруй болжээ.
БНСУ-д 17 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. БНХАУ-д 18 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн бол 7 гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол, 11 дотоодын халдвар байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 359 хүнд шинжилгээ хийлээ. 352 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин долоон хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэд 6, 11, 12, 29, 38, 39, 63 насны хүмүүс байна. Сайн мэдээ долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ.
Манай нийт батлагдсан тохиолдол 213, эдгэрсэн тохиолдол 153 боллоо. Харин эмчилгээнд 60 хүн байна. биеийн байдал хөнгөн 53, хүндэвтэр 7иргэн байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ