Н.Энхбаяр: У.Хүрэлсүх айгаагүй бол дахин сонгууль явуул

МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр:
-"Та бидний эвсэл", МАН, АН-ын дараа хамгийн өндөр санал авсан. Энэ удаагийн сонгууль луйврын сонгууль боллоо. Энэ сонгуулийг хүчингүй зарлахаас өөр арга байхгүй. Сонгууль шударга болж байж нийгэм хөгжинө. Хөгжлийн төлөө эв нэгдэлтэйгээр урагшилна.
Хар машины тооллого луйвар боллоо. Хар машин энэ сонгуульд МАН ялах нөхцөл бүрдүүллээ. Хар машинд санал тоолохоос өмнө санал уншуулчхаад оруулж байна. Хар машинд байхгүй хүмүүсийг байсан болгож, гадаадаас ирээгүй хүмүүсийн нэрийг ашигласан байж магадгүй гэж хардаж байгаа. Хүмүүсийн иргэний үнэмлэхийг булааж аваад өөрсдөөр нь санал өгүүлэхгүй, оронд нь орж санал өгсөн байж магадгүй байна. Хэд хэдэн жишээ байгаа. Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрог дээр нэг хүн хоёр гурван удаа хувцсаа сольж байгаад хүний өмнөөс санал өгсөн зөрчлийг баримт нотолгоотой илрүүлсэн. Мөн мөнгө тараах асуудал хэрээс хэтэрлээ. Сонгуулийг 60 тэрбум битгий хэл хэд нугалсан мөнгөөр энэ төрийн эрхийг хууль бусаар авлаа.
Тийм учраас бид ерөнхийлөгчид хандаж байна. “Та Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд Сонгуулийн Ерөнхий хорооны оруулж ирж байгаа худлаа тоог зөвшөөрч УИХ-д оруулж болохгүй. Шударга сонгууль болох ёстой гэж шаардаж байсан хүний хувьд шударга бус байдалтай эвлэрч, МАН-ын луйвартай эвлэрч болохгүй” гэж зөвлөж байна. Өнөөдөр 17.00 цагт бусад нам эвсэл бие даагчид маань ерөнхийлөгчтэй уулзахаар цаг авсан. Ерөнхийлөгч маань сонгуулиа хойшлуулах санал дээрээ байгаа байх гэж бодож байна.
Мөн СХД-д сонгогчдын саналтай холбоотой асуудал гарсан. Хар машинд урьдчилаад санал уншуулсан байна. Түүнийг СЕХ-оо сайн мэдэхгүй эхний тоогоо гаргаад сүүлд нь тоог нь тохируулсан байна. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороог үндсээр нь татан буулгах хэрэгтэй байгаа. Сонгуулийг хүчингүй гэж тооцоод, дахин сонгууль явуулах хэрэгтэй. У.Хүрэлсүхт хандаж хэлэхэд үнэхээр айгаагүй бол дахин сонгууль явуулчих. АН-ын дарга С.Эрдэнэ даргад хандаж хэлэхэд үнэхээр хуйвалдаагүй бол луйврын сонгуулийн эсрэг тэмцье. Ж.Батзанданд хандаж хэлэхэд шударга ёсны төлөө тэмцье. Бие даагч нарт хандаж хэлэхэд сонгууль өнгөрчихлөө гэж битгий бод, одоо хүчээ нэгтгэе.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ