
2008 оны долдугаар сарын-1-ны үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарт холбогдох хэргийг цагдаагийн албан хаагчдын хэргээс тусгаарлаж прокурорын хяналтын шатнаас шүүх рүү шилжүүлсэн. Уг хавтаст хэрэгтэй холбогдогч нар нь танилцаж дууссан бөгөөд шүүгчид хэрэгтэй танилцах хуулийн хугацаа энэ долоо хоногоор дуусч байгаа юм. Тэдэнд холбогдох 21147006 дугаартай эрүүгийн хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 буюу гэмт хэрэгт хамтран оролцож гардан гүйцэтгэсэн гэсэн зүйлчлэлээр яллагдагчаар татсан билээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийнТусгай ангийн 274 дүгээр зүйлийн 274.2 буюу Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэсэн үндэслэлээр буруутгажээ.
Мөн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт зааснаар захирагч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр прокуророос ял төлөвлөж энэ сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүх рүү шилжүүлсэн юм.
Ерөнхий прокурорын даалгавраар Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд өнгөрөгч жилийн арван нэгдүгээр сарын 11-ны өдрөөс сэргээн шалгаж эхэлсэн бөгөөд цагдаагийн албан хаагчдын хэргийг тусгаарлаж түтгэлзүүлэх болсон үндэслэлд албаны эх сурвалжууд тодорхой тайлбар хийгээгүй. Эх сурвалжийн мэдээллээр Эргүүл хамгааллын газрын чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байсан дэслэгч Л.Ганболдод Эрүүгийн хуулийн 91-ийн 2-оор хэрэг үүсгэн сэжигтнээр татсан нь хэргийг нь түр хугацаагаар шалгахаас татгалзах шийдвэрийг прокурор гаргасан байна. Түүнийг нийгмийн хэв журам зөрчин, олон нийтийн илт хүндэтгэхгүйгээр, үл ялих шалтгаалан урьд өмнө танихгүй, хувийн өш хонзонгүй хүнд болон бусад хүнд өөрийн хүч чадалтай, давуу гэдгээ харуулах гэж хүнийг санаатайгаар алсан гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэсэн байна.

Мөн долдугаар сарын 1-ний хэрэгт нэмж яллагдагчаар татагдсан хүний нэг нь үймээний үеэр үүрэг гүйцэтгэж байсан Эргүүл хамгаалалтын газрын их эмч Г.Тунгалаг юм. Түүнд түүнийг гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээгүй гэдэгт буруутгажээ. Мөн уг хэрэг Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Л.Мягмаржав, тус газрын эргүүл хариуцсан байцаагч хошууч н.Мөнхбат, тусгай үүрэг гүйцэтгэгч н.Мандах нарыг ч сэжигтнээр тооцсон.
Өмнө нь уг шалгаж байсан ч хэргийг хааж, өршөөлд хамруулахдаа цагдаагийн ажилтнууд галт зэвсэг хэрэглэсэн, буудсан гэдгээ хүлээсэн боловч хэний буудсан суманд хэн гэдэг хүн оногдсоныг тогтоож чадаагүй учраас хаасан байдаг. Харин хэрэг хаагдсаны дараа буюу өнгөрсөн оны зургадугаар сард цагдаагийн нэгэн албан хаагчийн тэмдэглэл ил болж байсан бол цагдаагийн экс удирдлагуудад холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатнаас прокурорын хяналтад шилжих үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин үймээний үеэр үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн тэмдэглэл болон галт сумны хонгиог олон нийтэд дэлгэж шуугиан тарьсан. Үүний дараахан Улсын ерөнхий прокурор хэвлэлийн хурлын үеэр “Х.Тэмүүжний дэлгэсэн баримтаас ч илүү баримт бий” гэсэн албан ёсны мэдээллийг өгсөн.
Прокурорын байгууллагаас цагдаа нар галт зэвсэг хэрэглэж таван хүний аминд хүрсэн гэдгийг хангалттай нотлогдсон гэж үзэж буй. Юутай ч дөрвөн жил сунжирсан уг хэргийг тун удахгүй шүүх хэлэлцэж гэм буруутай этгээдүүдэд ял оноох биз. Цагдаагийн удирдлагуудад холбогдох хэрэгтэй шүүгчид танилцах хугацаа энэ долоо хоногоор дуусгавар болж байгаа тул хуулиараа бол тун удахгүй шүүх хурлын тов гарах учиртай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ