Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.08/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. 11 сая 926 мянган хүн халдвар авч, 545 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 193 мянга гаруйгаар, нас баралт таван мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Манай улсад ажиглалтаас 52 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 215 хүн шинээр ажиглалтад орлоо. Ажиглалтад нийт 2995 хүн байна. 0-5 насын 185 хүүхэд, 105 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 377 хүн байгаа. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 6000 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 119 дугаарын утсанд 157 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 2 дуудлага ирсэн. Иргэд амны хаалтаа зүүхийг анхааруулж байна.
АНУ-д 46300 гаруй шинэ тохиолдол, 322 нас баралт нэмж бүртгэгджээ. Харин Бразил улсад 45300 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсын нийт нас баралт өссөн дүнгээр 66700 гаруй болжээ. БНЭУ-д 22000 гаруй шинэ тохиолдол, 467 нас баралт нэмж бүртгэгдлээ.
БНСУ-д 63 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. БНХАУ-д гаднаас зөөвөрлөгдсөн долоон тохиолдол бүртгэгдсэн байна. Япон улсад 211 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн аж.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-иийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 370 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 368 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин хоёр хүнд коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь Алтанбулаг боомтоор орж ирсэн бөгөөд Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д авчирсан нэг хүний шинжилгээ, Орхон аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Сайн мэдээ нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэн нь 24 настай эмэгтэй байна.
Манай нийт батлагдсан тохиолдол 227, эдгэрсэн тохиолдол 195 боллоо. Харин эмчилгээнд 32 хүн байгаа. Биеийн байдал хөнгөн 31, хүндэвтэр нэг иргэн байгаа.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ