Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч, нэг эмэгтэй амаржиж, 701 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.09/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. 12 сая 142 мянган хүн халдвар авч, 550 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 200 мянга гаруйгаар, нас баралт таван мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Манай улсад ажиглалтаас 288 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 289 хүн шинээр ажиглалтад орлоо. Ажиглалтад нийт 2996 хүн байна. 0-5 насын 191 хүүхэд, 102 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 366 хүн байгаа. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 7000 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 119 дугаарын утсанд 128 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 1 дуудлага ирсэн.
АНУ-д 50300 гаруй шинэ тохиолдол, 932 нас баралт нэмж бүртгэгджээ. Харин Бразил улсад 44500 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 1 сая 7113 мянга гаруй болсон бол нас баралт 68000 гаруй болжээ. БНЭУ-д 22700 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ.
БНСУ-д 43 шинэ тохиолдол, хоёр нас баралт нэмж бүртгэгджээ. БНХАУ-д гаднаас зөөвөрлөгдсөн есөн тохиолдол бүртгэгдсэн байна. Япон улсад 207 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн аж.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-иийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 701 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 12 хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж байсан 548 хүний гурав дахь давтан шинжилгээ, тусгаарлагдаж байсан 80 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 33 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан дөрвөн хүний шинжилгээ, Замын-Үүд боомтоор орж ирсэн 23 хүний шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний шинжилгээ байна.
Сайн мэдээ хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэдийн нэг нь 19 настай, цэргийн сургуулийн оюутан 56 хоног эмчлэгдсэн, 32 настай оюутан 42 хоног эмчлэгдээд гарлаа. Дахин сайн мэдээ нэг жирэмсэн эмэгтэй амаржиж хүүтэй боллоо. Баяр хүргэе.
Манай нийт батлагдсан тохиолдол 227, эдгэрсэн тохиолдол 197 боллоо. Харин эмчилгээнд 30 хүн байгаа. Биеийн байдал хөнгөн 27, хүндэвтэр гурван иргэн байгаа.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ