Үерийн ус татартал хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна

Үргэлжилсэн борооны улмаас Увс аймагт гүүр эвдэрч, аймгаас гарах хөдөлгөөнийг хаагаад байгаа. Аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж гүүрүүдийн эвдрэл гэмтлийг тогтоох, хохирлын тооцоог гаргах, үерийн аюулд ажилласан зардлын тооцоог гаргаж танилцуулж, шийдвэрлүүлэх, цаашид эвдэрсэн гүүрийг сэргээн босгох ажилд гарах зардлын тооцоог гаргах, Улаангом сумын үерийн ус зайлуулах суваг шуудууны тооцоо судалгааг гаргах, Зам хаасан чиглэлийн Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн зэрэг сумдаас татаж авах жирэмсэн болон хүнд өвчтэй иргэдийн судалгааг гаргахаар болжээ.
Нэн шаардлагатай тохиолдолд Улсын Онцгой комисст санал хүргүүлж нисдэг тэргээр татаж авах ажлыг зохион байгуулах, Увс аймгийн Боршоо боомтоор орох хөдөлгөөнийг түр хязгаарлах саналыг Улсын Онцгой комисс, Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх, эвдэрсэн гүүрийг засварлах хугацаанд тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх түр гарам гаргаж, шаардагдах зардлын тооцоо гаргах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ажлыг эрчимжүүлэх, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд үерийн ус татартал хөдөлгөөн үйлдэхгүй, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар анхааруулж байна.
Тус аймагт Улаанбаатараас аялал зугаалгаар ирсэн 500 гаруй хүн байгаа аж.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ