Ц.Солонго: Англи хэлийг хоббигоороо сурвал илүү үр дүнтэй

img

 

“Мэдшейринг эйженси” компанийн захирал Ц.Солонго болон сургалт хариуцсан менежер Г.Цэнгүүн нартай ярилцлаа.

 

-Анагаахын мэргэжлийн англи хэлний  онлайн сургалтаа хэзээнээс эхэлж явуулж байгаа вэ?

 

“Мэдшейринг эйженси” компанийн захирал Ц.Солонго:

 

-Миний хувьд 2016 онд  МУИС-ийн дөрөвдүгээр курс мөн, АШУҮИС-ийн нэгдүгээр курсэд давхар суралцдаг байсан. Тухайн үед биологийн хичээл дээр багш маань хоёр нүүр орчуулга хийх даалгавар өгсөн юм. Даалгавраа хийгээд очтол сайн болсон байна гэсэн. Анагаахын англи хэлний мэдлэг хангалттай  сайн байгаагүй учраас сайн хийсэн гэдэгтээ итгээгүй. Гэхдээ дараа нь ангийн охин орчуулга хийх санал тавьсан юм. Үүнээс үүдэж орчуулгынхаа  товчоог 2017 онд нээж байлаа. Онлайн сургалтаа 2018 онд эхлүүлсэн. Тухайн үед ар гэрийн асуудлаас үүдэж түр завсарласан. Сая хөл хорионы үеэр герман хэлний сургалтад суусан. Тухайн сургалтад суухад ашиг сонирхлын төлөө биш, хэлний мэдлэг олгох хүсэлтэй багш нар зааж байсан нь сайхан санагдсан. Тиймээс бид найзуудаараа ярилцаж байгаад яагаад анагаахын оюутнууд маань бүгд англи хэлний мэдлэгтэй, эрүүл мэндийн шинэчлэгдсэн удирдамжаа орчуулагдаж бэлэн болохыг нь хүлээх  биш. Тухайн хүн  өөрөө хэрэглээний  англи хэл болон анагаахын мэргэжлийн англи хэлний мэдлэгээрээ тухайн шинэчлэгдсэн зүйлийг ойлгож уншиж болохгүй гэж бодсон. Ингэж л албан ёсоор сургалтаа эхлүүлсэн юм.

 

-Зөвхөн анагаахын мэргэжлийн англи хэл заадаг уу? Тэгэхээр зөвхөн анагаахын чиглэлээр суралцдаг оюутнууд хамрагдах боломжтой юу?

 

-Манайх хөтөлбөрөө шинэчилсэн. Хэрэглээний анхан шатны англи хэл болон  анагаахын мэргэжлийн англи хэл гэж хоёр ангилсан. Тиймээс бүх насны хүмүүс түвшин тогтоох шалгалт өгөөд суралцах боломжтой. Манай "Анагаахын Онлайн Сургалт-Medsharing Agency" фэйсбүүк хуудсаар холбогдож сургалттай холбоотой мэдээлэл авч болно. 

 

-Оюутнууд хичээл зааж байгаа нь  хэвшмэл сургалтын арга барилаас  арай өөр байх болов уу?

 

-Анагаахын салбар олон жил суралцдаг. Үүнээс үүдэн санхүүгийн хүндрэл үүснэ. Тиймээс бид хамгийн бага зардлаар чанартай зааж байгаа. Мөн олон улсын нэр хүнд бүхий 25 хэвлэлийн компаний номуудыг хичээлийнхээ хажуугаар уншиж, сонсох боломжтой байдаг. Мөн оюутнууд хамтдаа суралцаж бас  хичээл зааж байгаа нь давуу талтай.

 

 

-“Өрхийн эмнэлгийн эмч нарын англи хэлийг чадавхжуулъя” төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэсэн үү?

 

-Тийм.“Өрхийн эмнэлгийн эмч нарын англи хэлийг чадавхжуулъя” төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Төсөл маань гурван сар үргэлжилнэ. Тухайн өрхийн эмч нартаа үнэ төлбөргүй анагаахын мэргэжлийн англи хэлний хичээл зааж байгаа. Энэ хөтөлбөрт маань Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 18 өрхийн эмнэлгийн 98 өрхийн эмч нар хамрагдаж байгаа.

 

-Сургуулийн найзуудаараа нийлж онлайн сургалтаа эхлүүлсэн гэсэн үү?

 

Сургалт хариуцсан менежер Г.Цэнгүүн:

 

-Бид найзуудаараа хамтарч онлайн сургалтаа  эхлүүлсэн. Манай баг таван гишүүнтэй.  Бид бүгд АШУҮИС-д суралцдаг. Суралцахын хажуугаар хамтдаа хөгжиж, мөн өөрсдийн мэдсэн багахан зүйлээ бусадтайгаа хуваалцахыг хүссэн юм. 

 

-Сургалтад хамрагдах эмч нараа хэрхэн сонгосон бэ?

 

-Өрхийн эмч нарт санал тавьсан. Зөвшөөрсөн эмч нар түвшин тогтоох шалгалтаа өгөөд суралцаж байгаа.

 

-Англи хэл сурсан туршлагаасаа хуваалцвал?

 

-Арван жилээсээ суралцаж эхэлсэн. Түүний дараа АШУҮИС, Мөн өөрөө бие дааж сурсан.

 

“Мэдшейринг эйженси” компанийн захирал Ц.Солонго:

 

-Би орос гуравдугаар сургуулийг төгссөн. Орос гуравдугаар сургуульд англи хэлийг дөрөвдүгээр ангиас нь эхэлж заадаг. Мөн арван жилдээ сургалтад суудаг байлаа. Дараа нь МУИС-ийн гадаад хэл соёлын сургуульд суралцаж англи хэлээр мэргэшсэн.

 

-Англи хэл сурах хүсэлтэй залууст зөвлөвөл?

 

“Мэдшейринг эйженси” компанийн захирал Ц.Солонго:

 

-Англи хэл дээр ном сайн унших хэрэгтэй. Тухайн  номыг уншихдаа толь ашиглаж уншвал үр дүнтэй. Мөн кино үзэх гэх мэт  сонирхдог зүйлээрээ дамжуулж англи хэл сурвал үр дүнтэй байдаг.

 

Сургалт хариуцсан менежер Г.Цэнгүүн:

 

-Өдөр тутамдаа хэрэглээнд хэрэглэх хэрэгтэй. Дуудлага бусад зүйлсээс ичихгүйгээр бусадтай ярилцах нь чухал шүү.

 

-Баярлалаа. Амжилт хүсье.

                                                                                                                                                                                                                  Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
google store-оос АНГЛИ БАГШ апп-г татаж англи хэл үзнэ үү. Уг апп шинэчлэгдэж байна.
2020-07-18