Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч, нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.17/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 13 сая 885 мянган хүн халдвар авч, 591 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 226 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Манай улсад ажиглалтаас 130 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 32 хүн шинээр ажиглалтад орлоо. Ажиглалтад нийт 2994 хүн байна. 1-5 насын 889 хүүхэд, 109 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 320 хүн байгаа. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 119 дугаарын утсанд 125 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд нэг дуудлага ирсэн.
АНУ-д 67400 гаруй шинэ тохиолдол, 947 нас баралт нэмж бүртгэгджээ. Харин Бразил улсад 45400 гаруй шинэ тохиолдол, 1322 нас баралт нэмж бүртгэгдлээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 2 сая гаруй болжээ. БНЭУ-д 32600 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол 968 мянга гаруйд хүрлээ.
БНСУ-д 60 шинэ тохиолдол, хоёр нас баралт нэмж бүртгэгджээ. БНХАУ-д 10 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тухайн тохиолдлуудын ес нь гаднаас зөөвөрлөгдсөн бол нэг тохиолдол дотоодод бүртгэгдсэн аж.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 438 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 437 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэн нь долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн, 18 настай эрэгтэй байгаа.
Бусад шинжилгээг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдаж байсан 72 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 18 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймгийн Баруунхараа хотод зам засварын ажил хийж байгаа 32 Хятад улсын иргэдийн шинжилгээ, зургадугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 75 цэргийн алба хаагчдын гурав дахь давтан шинжилгээ байна.
Сайн мэдээ хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал руу шилжлээ. Тухайн иргэд нь 58 настай эрэгтэй, 42 хоног эмчлэгдээд гарлаа. Мөн 59 настай эрэгтэй, 30 хоног эмчлэгдсэн байгаа
Манай нийт батлагдсан тохиолдол 262 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 211 боллоо. Харин эмчилгээнд 51 хүн байгаа. Биеийн байдлаар үзвэл 50 хүн хөнгөн, нэг хүн хүндэвтэр байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ