Д.Нямхүү: 330 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.20/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 14 сая 455 мянган хүн халдвар авч, 608 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 186 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Манай улсад ажиглалтаас нэг хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 24 хүн шинээр ажиглалтад орлоо. Ажиглалтад нийт 2784 хүн байна. 1-5 насын 95 хүүхэд, 108 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 327 хүн байгаа. 119 дугаарын утсанд 122 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд нэг дуудлага ирсэн.
АНУ-д 67500 гаруй шинэ тохиолдол, 877 нас баралт нэмж бүртгэгджээ. Харин Бразил улсад 23500 гаруй шинэ тохиолдол, 716 нас баралт нэмж бүртгэгдлээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 2 сая 98 мянга гаруй болжээ. БНЭУ-д 38900 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Тус улсын нийт батлагдсан тохиолдол нэг сая 77 мянга гаруйд хүрлээ. БНСУ-д 26 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгджээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 330 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 04-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 253 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан долоон хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн боомтоор орж ирсэн 24 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 18 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан дөрвөн хүний шинжилгээ, ХӨСҮТ-ээс эдгэрч сувилалд шилжсэн 24 хүний шинжилгээ байна.
Манай нийт батлагдсан тохиолдол 287 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 213 боллоо. Харин эмчилгээнд 74 хүн байгаа. Биеийн байдлаар үзвэл 64 хүн хөнгөн, 10 хүн хүндэвтэр байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ