Д.Нямхүү: 520 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.21/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 14 сая 685 мянган хүн халдвар авч, 613 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 229 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
119 дугаарын утсанд 118 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд гурван дуудлага ирсэн.
АНУ-д 63200 гаруй шинэ тохиолдол, 498 нас баралт нэмж бүртгэгджээ. Харин Бразил улсад 20200 гаруй шинэ тохиолдол, 632 нас баралт нэмж бүртгэгдлээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 2 сая 118 мянга гаруй болжээ. БНЭУ-д 40400 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Тус улсын нийт батлагдсан тохиолдол нэг сая 118 мянга гаруйд хүрлээ. БНСУ-д 45 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Япон улсад 419 шинэ тохиолдол бүртгэгдсэн аж.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 520 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 20-нд Сөүл -Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 254 хүний шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байсан 29 хүний шинжилгээ, Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилчдын 39 хүний хяналтын шинжилгээ, тандалтын зорилгоор гурван хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан таван хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 18 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан хоёр хүний давтан шинжилгээ, Замын-Үүд боомтоор орж ирсэн 165 хүний шинжилгээ байна.
Манай нийт батлагдсан тохиолдол 287 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 213 боллоо. Харин эмчилгээнд 74 хүн байгаа.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ