Ц.Батбаяр: Нэг хөрөнгө оруулагч явлаа гэхэд нөгөөх нь ирдэг л байхгүй юу
УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолыг биелүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч шаардлага хүргүүлж тууштай тэмцэхээ илэрхийлээд байгаа 20 гишүүний нэг Ц.Батбаяртай ярилцлаа.
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан 20 гишүүн цөөдөөд байх шиг байна. Гэрээнд өөрчлөлт оруулж чадахгүй бол яах вэ?
-Оюутолгойн гэрээ анхнаасаа л мордохын хазгай гэгч болсон юм. Хайгуулын лиценз байхад нь шууд ашиглалтын лиценз болгоод үүнийг нь Фридланд гэгч энэ нөхөр дэлхийн зах зээлд арилжиж асар их хэмжээний мөнгө босгоод маш жоохон хэсгээр нь Монгол хөрөнгө оруулаад бусдыг нь өөр зүйлд зарцуулж байна. Монгол Улсын баялгаар гадны нэг нөхөр хүрч ирээд тоглож байна. Үүнд нь ямар ч анхаарал тавьж байгаа юм алга. Юм хэлэхээр нь толгой дохиод л сууж байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын хувь заяаны асуудал болчихоод байна. Энэ гэрээ хэчнээн сайн үр дүнтэй болно төдий чинээ сайн. Дараа дараагийн орж ирэх гадны компани Монгол Улсын хууль дүрэм ийм байдаг юм шүү, ингэж хяналт тавьдаг юм шүү гэсэн ойлголттой болно. Хөрөнгө оруулалтын гэрээгээ үр дүнтэй хийх хэрэгтэй гэж боддог болно. Ингэхгүйгээр одоогийнх шиг яваад байвал Рио Тинтогийнхон шиг 20 гишүүн нь цөөнх гэж үл тооно. Имй маягаар гадны нэг компанийн хүн орж ирээд Монголын төрийн гутаан доромжилдог болно. Тийм учраас л нэлээд нухацтай, тууштай тэмцэх ёстой. Одоо л бид засч авахгүй бол үнэхээр олборлолт явуулаад орлого олоод ирэхэд нь барьж чадахгүй шүү. Мөн дээр нь энэ ордын Техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй байгаа. Энд дөрвөн орд байгаа. Орд бүр нь тусдаа техник эдийн засгийн үндэслэлтэй байх ёстой. Түүнээс өнөөдрийнх шиг ганцхан Оюутолгой гэж бөөндөөд бүхий баялгаа тавиад туучихаж болохгүй.
-УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолын гуравдугаарт заалт буюу хөрөнгө оруулалтаа нөхсний дараа Монголын талын хувь хэмжээ 50 хувь хүргэх гэсэн заалт өнөөдөр ч биелээгүй. Үүнийг хэрэгжүүлэх боломж олборлолт эхлэхээс өмнө засвар оруулж амжих болов уу?
-Дэлхийн улс орнуудыг хараад байхад баялгаа ашиглаж байгаа улс үндэсний эрх ашиг, үндэсний компаниа эхэнд тавьдаг юм байна. Оюутолгой орд нь дэлхийд зэсийн баялгаараа эхний 10-т орохоор юм бол ядаж Эрдэнэт үйлдвэр шиг байгууламж барьж болдоггүй юм. Тэнд ажиллах хүмүүс амьдрах орон сууцны хороолол, цэцэрлэг сургууль, эмнэлэг байгуулагдаж болдоггүй юм. Яагаад дэд бүтэцэд нь хөрөнгө гаргаж болдоггүй юм. Орон нутгийн сургууль, эмнэлэг, нутгийн засаг захиргаанд хэдхэн төгрөг өгснөө аймаар их хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн мэтээр ярьдаг. Мөн энэ ордод монголчуудыг ажлын байраар хангаж дэлхийн жишигт хүрсэн цалин хөлс олгоно гээд л байсан. Үнэн хэрэг дээрээ монголчууд ойр зуурын хар бор ажлыг хийж байна. Ханган нийлүүлэгчээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжид ажилладаг хүмүүсийг Оюутолгой ажлын байраар хангаж байна гэх юм. Тэр компанид ажиллаж байгаа хүмүүс хэзээ ч би оюутолгойд ажиллаж байгаа гэж хэлэхгүй. Гэтэл ажлын байраар хангаж байгаа иргэдийнхээ тоонд оруулж тоог нь нэмээд хятад ажилчидтай харьцуулж байна.
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зүйл заалт бүрийг задлах шинжээчдийн баг ажиллуулах санал гаргаж байгаа гэсэн?
- Бид өнөөдөр хий хоосон ярихдаа биш бодит амьдрал дээр юу болж байгааг хэлэх хэрэгтэй байна. Мөн Оюутолгой дээр хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулъя. Тэднээр бидний хэлээд байгаа, шүүмжлээд байгаа нь зөв үү, хамтарсан Засгийн газрын яриад байгаа нь зөв үү гэдгийн үнэнийг гаргуулъя.
-Шинжээчдийн багт гадаадын өндөр өртөгтэй багийг оруулж ажиллуулах уу эсвэл дотоодын шинжээчид ажиллах уу?
-Монгол орны эрдэс баялаг, Оюутолгойн ордод судалгаа хийсэн үндэсний эрдэмтэн судлаачид олно байна. Тэднийгээ ажиллуулъя. Тэд хөрөнгө оруулалтын гэрээн дээр сууж бүх зүйл заалтыг нь задалж хэнийх нь яриад байгаа нь зөв вэ гэдэгт хариулт авъя. Миний хамгийн ихээр эмзэглэж байгаа зүйл бол өнөөдөр “Айвенхоу майнз” компанийн ухаад олборлоход бэлтгээд байгаа хэсэг нь хамгийн их агууламжтай хэсэг нь. Энэ мэтээр сорчилж олборлоод нөгөө 30 жилээс өмнө онгорхой нүх үлдээгээд орхиод явчихна.
-УИХ-ын 20 гишүүн тэмцээд байгаа нь одоогийн Засгийн газарт сэхэл авах хэмжээний анхааруулга өгч чадахгүй байх шиг байна. Та хэдийг цөөн гэж үзээд байна. Тэгэхээр яах ёстой вэ?
-Монгол Улсынхаа төлөө, ирээдүйнхээ хувь заяаны төлөө гэсэн зүрх зоригтой олон хүн бидний талд байгаа. УИХ-ын гишүүдээс ч биднийг дэмжиж байгаа. Дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр байгуулчихаад байгаа Хөрөнгө оруулалтын гэрээ нь ажил хэрэгч бус лоозогносон л зүйл байна. Ямар ч уялдаа холбоо байхгүй, мэргэжлийн байгууллагын болон мэргэжилтний үгийг авч хэлэлцдэггүй. Ордоор минь хэдий хэмжээний мөнгө босгоод хэдийг нь хөрөнгө оруулалт зарцуулаад байгаа гэдгийг нь нээлттэй мэдээлдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол манай хууль хяналтынхан үүнийг нь шалгах эрхтэй байх ёстой.
-20 гишүүн улстөржөөд байхаар хөрөнгө оруулагч нар үргээд Монгол Улсын нэр хүнд дэлхий дахин унаад байгаа гэх болсон?
-Хэзээ ч тийм зүйл байхгүй. Нэг хөрөнгө оруулагч явлаа гэхэд нөхөөх нь ирдэг л байхгүй юу. Ийм бизнесийн алтан зарчим байна. “Айвехоу майнз”, “Рио Тинто” компаниас өөр уул уурхай компани дэлхий байхгүй юм уу, үгүй шүү. Бид Оюутолгой төслийг зогсоох бус Монгол Улсын эрх ашигт нийцсэн, ашигтай болгож сайжруулахыг л шаардаж байгаа. Ийм хэл яриа гаргаж байгаа нь санаандгүй бус санаатай зүйл. Бид хоосон улстөржөөд байгаа биш харин ч хангалттай судалгаа, баримт байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээг тавиад халз мэтгэлзэхэд айгаад байх зүйл байхгүй хангалттай баримттай. Монгол Улсыг африкийн оронтой адил бодож байгаа бол эндүүрэл. Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2200, Их Монгол Улс байгуулагдсан 805 жилийн түүхтэй ардчилсан орон.
-20 гишүүн улстөржөөд байгаа юм биш биз?
-Бид анхнаас нь энэ гэрээ чинь болохгүй байна шүү гэдгийг анхааруулж засаж залруулахын төлөө ажилласан. Бид нэг ч төгрөгийн хахууль авах гээгүй, ашиг орлого хараагүй. Айвенхоу майнз компанийнхан улстөрчдийг шуналтлаа, улстөржлөө гээд байгаа бол хэнд хэдэн төгрөг өгснөө ил тод зарлах хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ