А.Амбасэлмаа: 429 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.03/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 17 сая 956 мянган хүн халдвар авч, 689 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 262 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Манай улсад ажиглалтаас 29 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол нэг хүн шинээр ажиглалтад орлоо. Ажиглалтад нийт 2752 хүн байна. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 8000 гаруй хүнд тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.119 дугаарын утсанд 90 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд нэг дуудлага ирсэн.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 429 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ, Афганистанаас ирсэн цэрэг дайчдын шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан гурван хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж байсан найман хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 30 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ байна.
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 293 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 230 боллоо. Харин эмчилгээнд 63 хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 60 хүн хөнгөн, гурван хүн хүндэвтэр байна.
Эдгэрээд гарсан 230 хүнээс сувиллын ажиглалтад 17 хүн байгаа бол гэрийн ажиглалт, тандалтад 47 хүн байна. Ажиглалтаас гарсан 166 хүн байгаа. ХӨСҮТ-д 88 хүн ажиглалт, тандалт эмчилгээнд байна гэлээ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ