Шилдэг илтгэлийн уралдаан боллоо
Монгол Улсын Шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. 2009 оноос эхлэн зохион байгуулсан уралдааны 4 дэхь удаагийнх 2012 оны нэгдүгээр сарын 12-нд буюу шинэ Үндсэн хуулийг баталсны 20 жилийн ойн өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо. Уг арга хэмжээнд Удирдлагын академийн захирал, академич Г.Чулуунбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Д.Солонго, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн захирал, академич Ж.Амарсанаа, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Д.Батжаргал, эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Гүнбилэг нар нээлтийн үйл ажиллагаанд оролцон, үг хэлсэн бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимид Тайланд улсаас утсаар мэндчилгээ дэвшүүлж, нийт оролцогчдод баяр хүргэн амжилт хүсч, шинжлэх ухаанд дурлаж байгаа оюутан, судлаач нарт баярлаж буйгаа илэрхийлэв. Уралдааны шүүх, эрх мэдлийн байгууллагын ажилтан, судлаач, багш нарын ангилалд 25, оюутны ангилалд 30 бүтээл ирсэн бөгөөд багш, судлаачдаас “Отгонтэнгэр” их сургуулийн багш Р.Очирбал “Сонгуульд иргэд нийтээрээ оролцох зарчим ба хорих газар ял эдэлж байгаа хоригдлуудын сонгуулийн эрхийн асуудал”, УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хуулийн хэлтсийн ахлах зөвлөх Л.Өлзийсайхан “Үндсэн хууль бол хууль тогтоогчдод зориулсан хууль мөн”, УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн судлаач, референт П.Амаржаргал “Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйл, Япон Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийг Үндсэн хуулийн эрх зүйн үүднээс харьцуулах нь” сэдэвт илтгэлээрээ эхний гурван байр, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат “Прокурорын хяналтын эрх зүйн зохицуулалтын зарим асуудал”, Булган аймгийн сум дундын шүүхийн шүүгч Н.Нарангэрэл “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдвээр шагналт байр эзэлсэн бол оюутнуудаас МУИС-ийн Хууль зүйн сургуулийн IV курсын оюутан Г.Давааням “Үндсэн хуулийн Цэцийн Үндсэн хуулийн хэрэгжилтэд тавих дээд хяналт ба Улсын дээд шүүхийн хууль тайлбарласан тогтоолыг Үндсэн хуулийн цэц хянах асуудал”, мөн сургуулийн V курсын оюутан С.Жавхлан “Үндсэн хуулийн нэр томъёо болон түүнтэй холбоотой зарим асуудлууд”, мөн сургуулийн IV курсын оюутан Ж.Содномдаржаа “УИХ-ын гишүүд сонгуулийн тойрогтоо мөнгө хуваарилан авч зарцуулж байгаатай холбоотой эрх зүйн асуудал” сэдэвт илтгэлээрээ эхний гурван байр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V курсын оюутан Д.Ренчиндорж “Үндсэн хуулийн зөрчлийг арилгахад Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн ач холбогдол”, мөн сургуулийн V курсын оюутан Б.Гантөмөр, М.Цэнд-Очир нар “Хууль тогтоох эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлэх эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” сэдэвт илтгэлээрээ шагналт байр эзэллээ. Уралдааныг УИХ-ын гишүүн, Нээлттэй академийн тэргүүн Х.Тэмүүжин, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, доктор, профессор Н.Лүндэндорж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимийн багш, доктор Г.Банзрагч, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Захиргаа, хүмүүнлэгийн эрх зүйн секторын эрхлэгч Р.Мухийт нар шүүн явуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ