Орост коронавирусийг эмчлэх шинэ арга олжээ

ОХУ-ын Био анагаах ухааны цөмийн инженер-физикийн үндэсний судалгааны хүрээлэнгийн магистрантууд коронавирусийг эмчлэх шинэ арга олсон талаар Известия мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, магистрантууд COVID-19 зэрэг хүнд өвчнүүдийг аюулгүй эмчлэх гэрлэн диодын төхөөрөмж бүтээсэн байна. Энэ арга нь биеийн том гадаргуун спектрийн улаан диапазонд гэрлээр шарах арга дээр тулгуурлагдсан аж. Профессор Виктор Лощеновын тайлбарласнаар энэ нь фотосенсибилизаторууд ашиглан эмчилгээ хийх шинэ аргуудын нэг гэнэ. Фотосенсибилизатор гэдэг нь гэрлийг мэдрэх бие организмын мэдрэмтгий чанарыг нэмэгдүүлдэг байгалийн гаралтай болон зохиомлоор гарган авсан нийлэг бодис юм
"Эдгээрийг вирусийн халдвар авсан өвчтөний бие организмд оруулж, улмаар цацрагийн нөлөөгөөр вирусийг устгадаг. Фотосенсибилизаторууд нь үхлийн аюултай урвал үүсэхээс сэргийлэх боломж олгон дархлаа дарангуйлдаг эсүүдийг идэвхигүй болгодог" хэмээн профессор Виктор Лощенов өгүүлжээ. Түүний өгүүлснээр энэ аргыг гаргаж авах хүртэл өвчтөнүүдийг цацраг эмчилгээнд аюулгүй оруулдаг энэ төрлийн төхөөрөмж дэлхийд гараагүй байсан гэнэ.
Энэ аргаар COVID-19 вирусийн халдвар авсан 40 гаруй өвчтөнийг эмчилжээ. Эрдэмтдийн өгүүлснээр туршилтад хамрагдсан хүмүүсийн өвчин бусад халдвар авсан хүмүүсээс хурдан эдгэрч байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ