Эль Классикод Барса дахин ялалт байгууллаа

img

Энэ оны анхны Эль Классико Испанийн цомын аваргын хүрээнд боллоо. Испанийн хоёр хүчирхэг клубын оны эхний тулаан өмнөхийн адил мөн л Барсагийн хожлоор өндөрлөлөө. Гэхдээ энэ тоглолтын дүр зураг нь Барсагийн шүгэл дуугарахаас л авахуулаад тоглолтын эцсийг хүртэл давамгайлсаар дуусдаг тоглолтоос тэс өөр байсан юм. Учир нь тоглолт эхлээд удаагүй байхад Реалын Криштиан Роналдугийн цохилтыг каталоны багийн хаалгач хамгаалж чадсангүй. Үүнээс эхлээд Сантьяго Бернабауд талбайн эзэд давамгайлаа алдахгүйг хичээсэн, зочид тоглолтын санаачилгыг гартаа авч тоог тэнцүүлэхийг хичээсэн ширүүхэн уур амьсгалтай тоглолт үргэлжлэн явагдсаар эхний хагас дууссан юм. Харин хоёрдугаар хагасын шүгэл дуугарснаас хэдхэн минутын дараа Шавигийн булангийн цохилтыг Пуйоль мөргөж хаалганд хийснээр тоо тэнцсэн. Тоглолт тэнцээгээр үргэлжилж эхэлснээр Барса давамгайллыг талбайн эздээс булааж авсан гэхэд болно. Тэд өөрсдийн тоглолтын үндсэн хэв маягаар тоглосоор эцэст нь Мессигийн гайхалтай уран дамжуулалтыг франц довтлогч Абидал Икер Касильясын хаалганд цохиж гоол оруулснаар ийнхүү тооны харьцаа 2:1 боллоо. Харин үүнээс хойш Пеп, Жозе Моуриньо нар тоглогчдоо сэлбэсэн ч тоглолтын хувь заяанд ямар нэгэн өөрчлөлт орсонгүйгээр дуусаж Сантьяго Бернабаугийн ээлжит Эль Классикогоос Барселона хожилтой буцлаа. Абидалийн гоол Барсад давуу тал авчирлаа. Ингэснээр каталоны Кэмп Ноу цэнгэлдэх хүрээлэнд болох хариу тоглолтод Реал Мадрид заавал хоёр гоолын зөрүүтэй хожих шаардлагатай болж байна. Кэмп Ноудаа ойрын үед гашуун ялагдал амсаагүй дэлхийн шилдгүүдийг эгнээндээ багтаасан Барса ирэх тоглолтод хожигдох нь юу л бол. Гэхдээ л Эль Классико бол төгс төгөлдөрийн сонгодог тулаан шүү дээ. Хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн тоглолтууд ирэх сард өрнөнө. Тэр цагт хэсгийн тоглолтоос нэг ч хожигдолгүй хамгийн өндөр оноотой гарсан Реал Мадрид ОХУ-ын ЦСКА Москватай, Барса германы шилдэг клуб Леверкузентэй тоглох тоглолтыг бид харна. Магадгүй хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар энэ жил Аваргуудын лигийн цомын төлөө испанийн хоёр баг тулалдах магадлал тун өндөртэй гэнэ. Энэ ч үнэний ортой. Өнгөрсөн жилийн аварга Манчестер Юнайтед болон Премьер лигийн хамгийн хүчирхэгт тооцогдоод буй Манчестер Сити нар хэсгийн тоглолтоос бүтэлгүйтэж хасагдсан. Харин одоо үлдээд буй Челси болон Арсенал клубууд испанийн клубуудын түвшинтэй адил хэмжээний тоглолт үзүүлэх чадваргүй байгаа, итали, германы клубууд ч дундаж чадавхитай гээд харьцуулж харвал үнэхээр Аваргуудын лигийн оргилд Эль Классико давтагдах магадлалтай ажээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hahaha yasan ih football meddeg unshigch we
2012-01-19