
Зоос банкны Хохирогчдын түр хорооны гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хандан хүсэлт гаргасан билээ. Зоос банк дампуурсан хэрэгт хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч заримыг нь хэрэгсэхгүй болгоод буй юм. Эл хэргийн талаар нэхэн тодрууллаа.
Зоос банкны Хохирогчдын түр хорооны гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандан “2009 оны арваннэгдүгээр сарын 19-нд Засгийн газраас банк байгуулах 348 дугаар тогтоол гаргаж, банкны үүсгэн байгуулагчаар Сангийн яамыг томилсон шийдвэр нь хууль бус байсан” хэмээн үзэж эл тогтоолыг хүчингүй болгохыг шаардсан. Эл шаардлагад Үндсэн хуулийн цэц хариу өгөөгүй байгаа гэнэ. Учир нь Үндсэн хуулийн цэцээс Засгийн газар, Сангийн яамнаас дээрх 348 дугаар тогтоолтой холбоотой тайлбар авах хүсэлтээ хүргүүлсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцэд хараахан тайлбар ирүүлээгүй байгаа тул хохирогчдод хариуг ирүүлэх боломжгүй байгаагаа Цэцийн зөвлөлөөс тайлбарлажээ.
Харин Зоос банкыг дампууруулсан гэх хэрэгт холбогдсон банкны гүйцэтгэх захирал Ш.Чуданжий, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Д.Пүрэвдорж, Зоос банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Зээл хариуцсан захирал асан Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг хуулийнхан хоёр хуваан шалгаж байгаа юм. Гүйцэтгэх захирал Ш.Чуданжийг дангаар нь шалгаж, энэ сарын 9-ний өдөр прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн байна.
Харин Х.Пүрэвсүрэн, Ж.Алтанцаг, Т.Сэлэнгэ нарын хэргийг хуулийнхан шалгаж байгаа байх гэснээс өөр мэдээлэлийг хувьцаа эзэмшигч, хохирогчдын зүгээс өгсөнгүй.
Засгийн газраас гаргасан 348 дугаар тогтоолтой холбоотойгоор Сангийн сайд С.Баярцогт, Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Д.Пүрэвдорж, Зоос банкны ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч хэргийг Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон. Үүнд хохирогчдын зүгээс тайлбар авахад НПГ-ын хяналтын прокурор Ц.Насанбат “Банкны захирлуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй байна. Харин иргэний журмаар Захиргааны хэрэг үүсгэн шалгах боломжтой” хэмээн тайлбарлажээ.
С.Баярцогт, Д.Пүрэвдорж, Д.Батбаяр нарт Захиргааны хэрэг үүсгэж болзошгүй байгаа гэнэ.
Эх сурвалж: Gonews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ