Дугаарын хязгаарлалтын үйлчлэл хэвээр үргэлжилнэ
2020-08-14

Дугаарын хязгаарлалтын талаар НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Тээврийн цагдаагийн албанаас  дугаарын хязгаарлалтын үйлчлэлийн талаар мэдээлэл хийлээ. 

 

НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал:

 

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан НИТХ-аас тогтоож байсан дугаарын хязгаарлалтыг нийслэлийн Засаг дарга тогтоодог болсон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан даваагаас баасан гарагт үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжлэх захирамжийг гаргалаа.

 

Өмнөх захирамжийн бүсчлэл, дугаарын хязгаарлалтад орох өдрүүд хэвийн үргэлжилнэ. Хязгаарлалт тогтоосон захын хэсгүүд дээр томоохон автомашины зогсоол байгуулах газрын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Иргэд хязгаарлалттай бүсэд орж ирэхээс өмнө авто машинаа тухайн зогсоолд байрлуулан нийтийн тээврийн унаагаар хязгаарлалттай бүсэд үйлчлүүлэх боломжоор хангахаар зорьж байна.

 

ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд: 

 

-Нийслэл хотын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 2012 оноос тээврийн хэрэгсэл тодорхой дугаарын хязгаарлалттай замын хөдөлгөөнд оролцох болсон. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр тодорхой хуулиудад өөрчлөлт орсноор дугаарын хязгаарлалттай холбоотой захирамж өнөөдөр батлагдаж байна. 

 

 

Замын хөдөлгөөний дүрэмд “Бүс” хязгаарлалтын тэмдэгийг 2019 оноос эхлэн шинээр оруулсан. Энэ тэмдэг орсноор  замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүрийн мэдэж байх ёстой тэмдэг болсон. Дугаарын хязгаарлалтын эхлэл рүү “Бүс” тэмдэгээр нэвтэрч орсон тохиолдолд “бүсчлэлийн төгсгөл” гэсэн тэмдэгийг зөрж өнгөрөөгүй л бол жолооч нар дугаарын хязгаарлалттай бүс дотроо зорчиж байна гэж ойлгох хэрэгтэй.

 

Дугаарын хязгааралт өглөөний 08:00-20:00 цаг хүртэл дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл энэ бүсэд хөдөлгөөнд оролцохгүй. 

 

Гарагийн дугаарын хязгаарлалт:

 

Даваа гараг: 1,6

Мягмар гараг: 2,7

Лхагва гараг: 3,8

Пүрэв: 4,9

Баасан: 5,0 төгссөн дугаартай автомашин дугаарын хязгаарлалтад орно.

 

Дугаарын хязгаарлалт үйлчлэх бүсчлэл:

 

32-ын тойрог, Дарь эхийн уулзвар, Зүүн дөрвөн зам, Офицеруудын ордоны тойрог, Чулуун овоо, Дүнжингаравын уулзвар, Home plaza, 120-ын уулзвар,  МУИС-ийн уулзвар, Саппорогийн уулзвар, Гурвалжингийн гүүрний урд ТЭЦ-4 рүү салдаг уулзвар, 3,4-р хорооллын эцэс, Өргөөгийн уулзвар, Тасганы овооны уулзвар, Дэнжийн 1000-ын уузвар бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ.

 

Дугаарын хязгаарлалттай өдөр хязгаарлалттай бүсчлэлд  хөдөлгөөнд оролцсон тохиолдолд, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу иргэн 20 мянга, хуулийн этгээд 200 мянган төгрөгийн торгууль ноогдуулна. Наймдугаар сарын 17-ноос тэмдэг, хяналтууд хийгдэж эхэлнэ. 

 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин