Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй Ц.Өнөрцэцэгт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй “Ган үзэгтэн” ХХК, Ц.Өнөрцэцэгт нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан хойшиллоо. Тодруулбал,
Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ган Үзэгтэн” ХХК, Н.Өнөрцэцэг нарт холбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай” иргэний хэргийн нэхэмжлэлийг шүүх 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.
Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан өнөөдөр /2020.08.14/ 11.30 цагт эхэлсэн боловч талуудаас “Нотлох баримт гаргуулах, хэргийн материалтай танилцах, хариуцагч Н.Өнөрцэцэгээс шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай” хүсэлт, мөн сөрөг нэхэмжлэл гаргасан тул шүүхээс хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэгчид гардуулах, хариу тайлбар авах хугацаа олгож шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан Шатны шүүхийн тамгын газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ