А.Амбасэлмаа: 609 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.17/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 21 сая мянган 564  хүн халдвар авч, 775 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 267 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна. 

 

Манай улсад ажиглалтаас найман хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол зургаан хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт  3624 хүн байна. 119 дугаарын утсанд 143  дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд  гурван   дуудлага ирсэн. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 609 хүнд шинжилгээ хийлээ.   Коронавирус илрээгүй. 

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл,  энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн 268 хүний  давтан шинжилгээ, долдугаар  сарын 27-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 266 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ, сувиллын ажиглалтад байгаа зургаан хүний шинжилгээ,  цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан зургаан  хүний шинжилгээ,    ажиглалтад байгаа 31 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 30 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр  хүний шинжилгээ  байна.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 276 боллоо. Нийт эдгэрээд гарсан 276 хүний 47 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 16 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 213 хүн байна.

 

ХӨСҮТ-д 22 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 20 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүнд байна. ХӨСҮТ-д нийт 42 хүн ажиглалтад байгаа    гэлээ. 

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ