А.Амбасэлмаа: Хоёр хүн эдгэрч, 586 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.18/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 21 сая мянган 813 хүн халдвар авч, 781 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 267 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Ажиглалтад нийт 3345 хүн байна. Үүнд 0-5 хүртэлх насны 192 хүүхэд, 72 жирэмсэн эмэгтэй, хавдартай ес, хөгжлийн бэрхшээлтэй зургаа, бусад шалтгаантай 300-аад хүн тусгаарлагдсан байгаа аж. Дархан-Уул аймагт 98, Орхон аймагт 147, Өмнөговь аймагт 124, Сэлэнгэ аймагт 30, Дорноговь аймагт 25 иргэн тусгаарлалт, ажиглалтад байгаа. 119 дугаарын утсанд 125 дуудлага ирсэн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 586 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 258 хүний давтан шинжилгээ, долдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 248 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ, сувиллын ажиглалтад байгаа гурван хүний шинжилгээ, таван эмч ажилчдын шинжилгээ, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 13 хүний шинжилгээ, ажиглалтад байгаа 28 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ, тандалтын зорилгоор авсан нэг хүний шинжилгээ байна.
Сайн мэдээ хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс сувиллын ажиглалтад шилжлээ. Тухайн иргэд нь 27,28 настай энхийг сахиулагчид байгаа.
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 278 боллоо. Нийт эдгэрээд гарсан 278 хүний 49 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 14 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 215 хүн байна.
ХӨСҮТ-д 20 хүн эмчлүүлж байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 18 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүнд байна. ХӨСҮТ-д нийт 41 хүн ажиглалтад байгаа. Мөн өнөөдөр тусгаарлалтад байсан жирэмсэн эмэгтэй амаржлаа гэлээ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ