С.Амарсайхан: Би БНХАУ-ын компанид 50 га газар олгоогүй

УИХ-ын гишүүн С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр:
-Сүүлийн жил хагасын хугацаанд УИХ-ын гишүүн С.Амарсайхан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа БНХАУ-ын компанид 50 га газар олгож, дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдын эрх ашигт ноцтойгоор халдаж байна гэсэн үндэслэлгүй мэдээлэл явж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлыг 2019 оны хоёрдугаар сарын 27-нээс 2020 оны зургадугаар сарын 27 өдөр хүртэл хашсан. Миний бие нийслэлийн захирагчаар ажилласан нэг жил гурван сарын хугацаанд үндсэн эрх үүргийнхээ хүрээнд газар зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэсэн. Нийт 158 газрыг нийтийн эзэмшилд авч, тохижуулж эхэлсэн. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж байгаа шиг БНХАУ-ын ямар нэгэн компанид хувийн болон хөдөө аж ахуйн ашиглалтаар ашиглах 50 га газар олгоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. С.Амарсайханыг гүтгэж болно. Хуулийн хэмжээнд хязгаартай байх ёстой. Олон улсын найрсаг харилцаанд хүндэтгэлтэй хандах ёстой.
Би УИХ-ын гишүүний хувиар Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нарт албан бичгээр хандсан.
Миний бие нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаандаа 50 га газар олгосон эсэхийг албан ёсоор тодруулж хариу авсан. Хариунд "УИХ-ын гишүүн С.Амарсайхан Танаа, тус албанд танаас ирүүлсэн лавлагаа хүсэх албан бичгийг судалж үзлээ. Таны Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх хугацаанд буюу 2019 оны хоёрдугаар сарын 27-нээс 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд БНХАУ-ын ямар нэгэн иргэн аж ахуй нэгжид ногоо тарих зориулалттай 50 га газар олгоогүй байна" гэж мэдээллээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Нийслэлд 50 га газар олгох асуудал нь дотоодын тариаланчдаа дэмжих байсан гэж үү ?
-Засгийн газар хоорондын хэлэлцээрт монголын тариаланчдын үйл ажиллагааг дэмжих туршлага солилцох, технологийн туршлагыг нэвтрүүлэх гэх зэргээр үндэсний тариаланчдад туслалцаа үзүүлэх санамж бичгийг Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгасан. Энэ асуудлаар нийслэлд 50 га газрыг олгох боломжтой эсэх асуудлыг судалж Засгийн газарт танилцуулсан. Гэхдээ энэ нь ямар нэгэн байдлаар олгож байгаа хэрэг биш. Тариаланчдын тариалан эрхлэх салбар, тэр дундаа хүнсний ногоо, нарийн ногоо тариалагчдыг дадлагажуулах туршлага судлах БНХАУ-ын зарим нэг туршлагатай аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллах талаар төлөвлөгөөнд тусгасан байдаг. Тэр хүрээнд нийслэлээс газар шийдвэрлэх боломж байна уу гэхээс илүүтэй хамтарсан багаар шийдвэрлэх асуудлыг судалж ирүүллээ гэсэн албан бичиг ирсэн байдаг. Түүний хүрээнд нийслэлийн өмчит аж ахуй нэгжийг бид санал болгож байна гэсэн судалгаа бий. Тухайн үед зарим улс төрчид, холбоодууд газар олгосон, тэр дундаа нийслэлээс олгосон мэтээр ташаа мэдээлэл явуулж байсан. Тухайн үед нь тайлбар өгч байсан ч асуудал дахин хөндөгдөж байгаа учраас албан ёсны тайлбар мэдээлэл хийж байна.
Засгийн газар хоорондын ажлын төлөвлөгөөнд хүлэмжийн аж ахуйг монгол улсад хөгжүүлэх, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, дөрвөн улиралд хүлэмжийн үйл ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой хамтарсан төсөл хэрэгжүүлэх асуудал яригдаж байсан.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ