А.Амбасэлмаа: 731 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.29/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 24 сая 455 мянган хүн халдвар авч, 841 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 281 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна. 

 

Манай улсад ажиглалтаас  440 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол  133 хүн шинээр ажиглалтад  орлоо. Ажиглалтад нийт  3452 хүн байна.  Цэргийн төв эмнэлэгт 50 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүн эрчимт эмчилгээний тасагт  байгаа. 119 дугаарын утсанд 35 дуудлага ирсэн байна. 

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 731 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл,  энэ  сарын 09-нд Франкцурт-Улаанбаатар онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ,   наймдугаар сарын 14-нд Сөүл -Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 266  хүний давтан шинжилгээ, Орхон аймагт тусгаарлагдсан 91 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван хүний давтан шинжилгээ,  гадны улс руу явах хүсэлт гаргасан 23  хүний шинжилгээ,  Авто тээврийн 13 жолоочийн шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн  17 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, тандалтын зорилгоор авсан таван хүний шинжилгээ, сувиллын ажиглалтад байгаа дөрвөн хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд байгаа 30 хүний давтан шинжилгээ  байна.

 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 301 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 291 боллоо. Нийт эдгэрээд гарсан 291 хүний 25 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 40 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 226 хүн байна.

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, есөн хүний биеийн байдал хөнгөн, нэг  хүний биеийн байдал хүндэвтэр байна.

 

Иргэд та бүхэн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг анхаарах хэрэгтэй. Олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулж болохгүй гэсэн зөвлөмжийг байнга өгч байгаа. Гэтэл хурим найр, ойн арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал өчигдөр /2020.08.28/ нэгэн байгууллагын ойн арга хэмжээ болж 50-60 хүн хоолны хордлогот халдвар бүртгэгдлээ. Хоолны хордлого болсон хүмүүсээс 14 хүн нь ХӨСҮТ-д хэвтсэнээс хоёр хүн нь эрчимт эмчилгээний тасагт байна. Одоо болтол хоолны хордлого болсон хүмүүс ирсээр байгаа. Бөөлжих халуурах шинж тэмдэг илэрч байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулж болохгүй. Коронавируст халдвар бүрэн судлагдаагүй. Хоол хүнсний бүтээгдэхүүнээр дамжин халдварлах эрсдэл байгаа. Тийм учраас хоол хүнсний асуудлаар коронавирусийн дэгдэлт гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс та бүхэн эрүүл мэндийн байгууллагын ажилчдын өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай гэлээ.

Г.Мичидмаа

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
zavaarsan yun oi temdegleh ve archaagui malnuud idej uuj nairlahaas oor um medehgui bolimoor umaa
2020-08-29