А.Амбасэлмаа: Дөрвөн хүн эдгэрч, 559 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.30/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 24 сая 742 мянган хүн халдвар авч, 846 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 287 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Манай улсад ажиглалтаас 31 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 37 хүн шинээр ажиглалтад орлоо. Ажиглалтад нийт 3458 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 60 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа. 119 дугаарын утсанд 72 дуудлага ирсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 559 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн 278 хүний давтан шинжилгээ, наймдугаар сарын 28-нд Сөүл -Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 90 хүний шинжилгээ, 21 эмч, ажилчдын шинжилгээ, энэ сарын 10-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 115 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ,тусгаарлах байранд байгаа 20 хүний давтан шинжилгээ байна.
Сайн мэдээ дөрвөн хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувиллын ажиглалтад шилжлээ. Эдгээр иргэд нь 20,45,65,73, настай эмэгтэй байна.
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 301 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 295 боллоо. Нийт эдгэрээд гарсан 295 хүний 29 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 40 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 226 хүн байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д зургаан хүн эмчлүүлж байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, зургаан хүний биеийн байдал хөнгөн байна.
Мөн өмнө нь мэдээлж байсан нэг байгууллагын ойн баярт оролцогчдын хоолны хордлогот халдварын голомтод ажиллаж байна. Нийт 100 гаруй хүн байснаас 15 хүнд хоолны хордлогот халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. ХӨСҮТ-д 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Нэг хүн өрхийн эмчийн хяналтад байна. Эрчимт эмчилгээний тасагт байсан хүмүүсийн биеийн байдал сайжирч энгийн тасаг руу шилжсэн. Хүмүүсийн биеийн байдал сайжирч байна гэлээ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ