А.Амбасэлмаа: 678 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.31/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 25 сая 8 мянган хүн халдвар авч, 852 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 265 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Манай улсад ажиглалтаас 328 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 301 хүн шинээр ажиглалтад орлоо. Ажиглалтад нийт 3429 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 61 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа. 119 дугаарын утсанд 36 дуудлага ирсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 678 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, энэ сарын 29-нд Сидней-Улаанбаатар онгоцоор ирсэн 261 хүний шинжилгээ, наймдугаар сарын 11-нд Прага -Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 248 хүний давтан шинжилгээ, гурван эмч, ажилчдын шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 44 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд байгаа 87 хүний шинжилгээ байна.
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 301 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 295 боллоо. Нийт эдгэрээд гарсан 295 хүний 29 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 40 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 226 хүн байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д зургаан хүн эмчлүүлж байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, зургаан хүний биеийн байдал хөнгөн байна гэлээ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ