Ч.Энх-Амгалан: Энэ онд нэмж 31 сургууль, 41 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна

ЭМЯ-ны өнөөдрийн хуралд БШУЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан оролцож, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар мэдээллээ. Тэрбээр:
-Энэ жил импортоор орж ирэх бараа, материалд бага зэрэг саатал гарсан. Гэсэн хэдий ч 30 сургуулийн барилга, өргөтгөл, 45 цэцэрлэгийн барилга болон өргөтгөлийг ашиглалтад оруулаад байна. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоо 14 мянга орчмоор, цэцэрлэгийн орны тоо 6 мянгаар нэмэгдэж байгаа.
Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин болон шинээр хэрэгжиж байгаа 140 ерөнхий боловсролын сургуулийн ийн барилга, өргөтгөлийн ажил явагдаж байна. Мөн цэцэрлэгийн 171 барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ ондоо багтааж нэмж 31 сургууль, 41 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 104 барилга байгууламжид засвар үйлчилгээ хийсэн. Улсын дунджаар 92 хувийн биелэлттэй явж байна. 35 сургууль, 26 цэцэрлэг, 8 дотуур байрны их засварын ажил дууссан бол Есдүгээр сарын эхний хагаст 14 барилгын их засварын ажлыг дуусахаар байгаа. 17 барилгын их засварын ажил 2021 он дамнан хийхээр боллоо.
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд 45 цэцэрлэгийг тоног төхөөрөмжөөр хангах, мөн 15 сургуульд тавилга, ширээ сандал олгох ажлууд хийсэн. Мөн энэ жил улсын хэмжээнд 3300 багшид зөөврийн компьютер олгох ажил хийгдэж дууслаа. Цаашид энэ ажил үргэлжилнэ.
Гадаадын зээл тусламжаар томоохон сургуулиуд ашиглалтад орж байгаа. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хоёр, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гурван сургууль ашиглалтад орсон. Үлдсэн таван сургуулийг 10, 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн АНУ-ын цэргийн тусламж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн барилгыг өргөтгөх ажил үргэлжлээд явж байна гэж мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Коронавирустай холбоотойгоор зарим сургууль төсөв байхгүйгээс ариутгал хийж чадахгүй байгаа гэсэн мэдээлэл байна?
-Хичээл эхлэх гэж буйтай холбоотой сургууль цэцэрлэгийн ариутгалыг орон нутгийн нөөц хөрөнгө мөн сургуулийн хөрөнгөөр ариутгал халдваргүйжүүлэлтийг сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд хийж дуусгасан. Цаашид ариутгал халдваргүйтэл тогтмол хийх чиглэлээр Сангийн яамтай хамтарч ажиллаж байгаа.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ