Цагдаагийн амьдрал: 19 жилийн дараах "амь халуун" зургаан хоногийн амралт

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Маргааш есдүгээр сарын 1. Энэ өдөр толгой дээрээ том цагаан цэцэгтэй, томдсон цүнхтэй сурагчид аав, ээжийнхээ гараас хөтлөн сургуулиа зорьдог. Харин Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч С.Бат-Ирээдүй энэ албанд 19 жил ажиллахдаа нэг л удаа хүүхдийнхээ хичээлийн шинэ жилийн нээлтэд очиж үзжээ. Тэр өдөр ажил үүргийн хуваарийн дагуу охиныхоо сургуулийн хажуугийн явган хүний гарцан дээр хамгаалалтад зогсож таарсан тул энэ завшаан тохиосон гэнэ. Ингэж л бусдын хүүхдийн “энхийн манаанд” бороотой, шороотой гэж гомдлолгүй сургууль, цэцэрлэгийн үүдэнд цагдаагийн бие бүрэлдэхүүн бэлэн жагсдаг. Маргааш ч жагсана.

 

Хичээлийн шинэ жилийн нээлт, цагаан сар, хүүхдийн баяраар ч цагдаагийн албан хаагчдад гэр бүлдээ зарцуулах цаг хомс. Ажлын таван өдөр үүрэг гүйцэтгэсэн алба хаагч бямба, ням гарагт амрах хуваарьтай ч энэ хоёр өдрийн амралт ч  хоёул олдох нь ховор аж. Харин эхнэр, хүүхдүүд аав амрах өдрийг хоног тоолсоор л...

 

Тээврийн цагдаагийн албанаас алба хаагчдынхаа гэр бүлдээ цаг зав зарцуулах боломжийг эрэлхийлж зургаан хоногийн цалинтай чөлөөтэй амралтад ээлжлэн явуулж эхэлжээ. Энэ нь төсвийн хөрөнгөөр тансаг зэрэглэлийн амралтад явуулах ойлголт огт биш.  Тус албаны ногоо тарих зориулалтаар эзэмшдэг 7 га газарт жижигхэн байшин бий.  Энэ байшинд зургаа хоног тутамд алба хаагчид  гэр бүлийн хамтаар ээлжлэн очиж амарч байна.

 

 

Зургаан хоногийн цалинтай чөлөөгөөр шагнуулсан алба хаагчдын нэг, ногооны талбайд байрлах жижигхэн байшинд гэр бүлээрээ амраад ирсэн Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч С.Бат-Ирээдүй “Энэ зургаан хоног миний цагдаагийн албанд ажилласан 19 жилээс гэр бүлтэйгээ хамгийн ойр байсан халуун, дулаан мэдрэмж дүүрэн цаг хугацаа байлаа. Цагдаагийн албанд орсноосоо хойш тасралтгүй зургаан хоног гэр бүлийнхэнтэйгээ хамт байж үзээгүй юм билээ” хэмээн ярихдаа тун ч баяртай буй нь илт.

 

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.ЭнхболдМанай алба туслах аж ахуй эрхлэхээр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт 7 га газрыг ногоо тарих зориулалтаар эзэмшдэг болсон. Энэ талбайд сүүлийн хэдэн жил ногоо тарьж амжилгүй байсаар 2020 оны дөрвөн сараас ногоо тарьж алба хаагчдаа ургацаар хангах, төмсний нөөцөө бэлдэх зорилгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ногоо тарих, хураахад хүний хүч хөдөлмөр чухал. Талбайг харахгүй бол мал орж ирээд ургаж байгаа төмсийг идчихдэг тохиолдол гарна. Нэг хүнийг зуны турш аваад манаач хийлгэнэ гэдэг маш төвөгтэй асуудал.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ асуудлыг зөв талаас нь шийдвэрлээд тариагаа хамгаалахын хажуугаар гэр бүлдээ цаг зав зарцуулах боломжийг хангаад стрессээ тайлаад ирэх үйл ажиллагааг ТЦА-наас анх удаа санаачлан хэрэгжүүлж байна. Ногооны талбайд очоод манаач хийх юм биш. Тог цахилгаан, устай, дэд бүтцийг шийдвэрлэсэн, тавилгатай байшинд 6 хоног амраах ажлыг зургадугаар сарын 24-нөөс эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 30 алба хаагч маань гэр бүлийн хамт очиж амраад байна. Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудал хүнд. Бүгд зуслангийн байшинтай юу гэвэл үгүй. Ногооны талбайн байшинд зургаан хоног дуу чимээнээс хол, гэр бүлтэйгээ хамт байна гэдэг сайхан. Бидний боломж энэ. Боломжоороо алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг дэмжиж байна. Алба хаагчдаа гэр бүлтэй нь ойр байлгах, цаг зав зарцуулах боломжийг ологох,  үр хүүхэдтэй нь аавыг хамт байлгах орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэл рүү цаашид анхаарах нь зүйтэй юм байна” гэлээ.

 

Цагдаагийн алба хаагчид гэр бүлийн хамт /Төв аймаг Батсүмбэр сум/

 

Цагдаагийн алба хаагчид гэр бүлийн хамт /Төв аймаг Батсүмбэр сум/

 

 

Цалингаа бүтэн авна. Тэгээд гэр бүлтэйгээ зургаан хоног хамтдаа дуу чимээнээс хол амарна гэдэг цагдаагийн алба хаагчдын хувьд ховор боломж. Энэ боломж хүссэн бүхэнд олдохгүй. Олон жил ажилласан. Ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж ажилласан. Гэр бүлтэй алба хаагчдаас Тээврийн цагдаагийн албаны удирдлагууд сонгодог байна.

 

Цагдаагийн ахлах ахлагч С.Бат-Ирээдүй эхнэр, гурван хүүхэдтэй. Тэрбээр ногооны талбайд эхнэр, дөрвөн настай бага хүүхэд болон дөрөвдүгээр ангийн сурагч хүүтэйгээ амраад иржээ. “Байшингийн гадна тав тухтай нэг саравч бий. Бид тэр саравчинд л өнжсөн дөө. Өглөө тэндээ цайгаа ууна, орой хоолоо хийнэ. Хот суурин газар гэрэл гэгээ, дуу чимээ ихтэй. Ногооны талбай дээр дуу чимээ, шуугиан байхгүй. Нам гүм, маш сайхан. Бас хөдөөний хүмүүсийн байгаа байдал, зан төрх нь хүртэл юунд ч санаа зовохгүй байлгаж чадсан шүү.  Хүүхдүүд маш их баяртай байсан. Дунд хүү маань одоо дөрөвдүгээр ангид орно. Хүүд маань ааваасаа асуух ч юм их байдаг бололтой. Өглөө унтаж байхад нь гараад, гэртээ ирэхээрээ хичээлээ хийсэн үү л гэж асуудаг. Ойр дотно ярилцах боломж олддоггүй. Энэ зургаан хоногт их зүйл ярилцлаа. Өглөө босоод л аав та ажилдаа явахгүй биз дээ гэж асууна. Хүүхдүүд маань хачин их баяртай байсан” гэж С.Бат-Ирээдүй ярилаа.

 

Цагдаагийн алба хаагчид гэр бүлийн хамт /Төв аймаг Батсүмбэр сум/

 

 

Өдөржин зам дээр “амьд гэрлэн дохио” болж зогсоо тэдэнд тайван бие засах завгүй өдрүүд олон. Хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхлэх үед хөдөлгөөний ачаалал нэмэгдэж бухимдуу жолооч нар цагдаад л уураа гаргах нь элбэг гэнэ. Өнөө жилийн хувьд зам засварын ажил зуны улиралд хөдөлгөөн сийрэг үед хийгдээгүйгээс түгжрэл эрс нэмэгдсэн.  Гэтэл цагдаа зам засдаг юм шиг тэднийг л загнадаг тухай С.Бат-Ирээдүй учирлалаа. “Бид зүгээр байхгүй ээ. Өвөл халтиргаа гулгаатай үед шороо хүрздээд хаях, нүх гарчихсан байвал шороогоор бөглөчихдөг. Уг нь бид л амьд гэрлэн дохио шиг, гадас шиг зогсож байж уулзварыг түгжрүүлэхгүй байгаа юм шүү дээ. Бид жолооч нарыг хайрлаж, хамгаалдаг учраас л тэдний төлөө өөрсдийн нойр хоол, цаг заваа умартаад усан бороонд ч шалба нороод зогсдог гэдгийг иргэд маань ойлгоосой” хэмээн иргэдэд үг дайсан.

 

 

Цагдаа ч бас хүн. Түүнд бусдыг өрөвдөх хайрлах зүрх, сэтгэл ч бас бий. Хүн нь л юм хойно хөдөлгөөний дуу чимээ, тоос шороо, хортой хүнд нөхцөл, ууртай жолооч нараас шалтгаалж хааяахан тэвчээрийн хязгаар алдрах үе ч бий.

 

Цагдаа торгодог л гэж хардаг хүн олон.  “Сануулаад явуулчих л даа” гэж гуйна. Сануулаад явуулж болно. Гэхдээ хүн ганцхан амьтай. Өнөөдөр гаргасан зөрчил дутагдалд нь хариуцлага тооцож дараагийн алдаанаас сэргийлэхгүй бол хурд хэтрүүлж яваад хүний амь хохироосных нь дараа, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолдсоных нь дараа, бусдыг хохироосных нь дараа сануулах боломж олдохгүй. Тиймээс амь нас, эрүүл мэндийг нь хамгаалахын тулд Зөрчлийн тухай хуулинд заасны дагуу арга хэмжээ тооцдог. Гэтэл  иргэдийн зүгээс дүрэм зөрчсөн үйлдлээ зөвтгөж “Сүртэй ш дээ” гэдэг хандлага их гаргадаг. Энэ хандлагын ард жилдээ 500 хүн зам тээврийн ослоор бурхны оронд одож, 2000 хүн хүнд бэртэл авч байна гэдгийг ухамсарлах хэрэгтэй гэдгийг цагдаа хэлж байна.  

 

Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч С.Бат-ИрээдүйБи бага насны хүүхэдтэйгээ яваа жолоочийг хүүхдийнх нь нүдэн дээр аль болох торгодоггүй. Иргэд сонин. Хурд хэтрүүлсэн приусны жолооочийн эрхийг хасангуут баян, бандгар жийптэй хүний эрхийг хасч чадахгүй юм байж гэж барьцана. Тэгвэл яг иргэдийн хүсээд байдаг төрийн албан хаагчийн унасан, хурд хэтрүүлсэн, хар өнгийн жийп машины эрхийг нь хасаад 50 мянган төгрөгөөр торгонгуут “50-хан мянгаар торголоо” гээд уурлаад байдаг. Хууль нь тэр юм чинь бид яах вэ.

 

Бас дүрэм зөрчсөн жолоочид дүрмийг нь танилцуулахаар өөдөөс шууд уурладаг. Нэг удаа явуулчих гэнэ. Үүнийг нь зөвшөөрөхгүй хуулийн дагуу арга хэмжээ авна гэхээр харилцаа нь өөр болоод шууд уурлаад эхэлдэг. Арга хэмжээ тооцоод хуудсаа таслахад л одоо энэ муу цагдаатай яаж ч харилцсан яадаг юм гэдэг юм уу, шууд л хар яр гээд эхэлдэг. Энэ маш хэцүү хандлага. Уг нь зам дээр зогсож байгаа минь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх том үүрэг шүү дээ” гэсэн.

 

 

Шинийн нэгний өглөө бид гоё, ганган хувцсаа өмсөөд аавындаа золгохоор хөдөлдөг. Харин цагдаа дүрэмтээ өмсөөд зам руу гардаг, бидний төлөө...Энгийн өдрүүдэд ч автобус явж эхлээгүй байхад цагдаа поструугаа усны гутал, цуваа үүрээд алхаж явдаг, бидний төлөө...Орой бид амарч байхад цагдаа л харанхуйд бүдчин харьж яваа, таныг хамгаалчихаад...

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Цагдаагий бүх алба хаагчдийг ар гэр үр хүүхдэдээ анхаарал халамж тавьж амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд анхаарал хандуулж орон байраар хангах асуудал нэн шаардлагатай шүү
2020-09-01
Эвий дээ.
2020-09-01
Нямжав:
Шавь энхболд даргад баяр хүргии сайхан зөв ажил хииж байна дахин дахин амжилт хүсии
2020-09-01
Зөв бодолтой сайн залуу бн. Цагдаагийн байгууллага алыа хаагчдаа сөйн харж үзэж дэмжиж байгаарай. Насаараа ажиллаад тэтгэвэрт гарахдаа хашаа барих газартай болох гэтэл тжтгвэрт гарсан хүмүүст битгий өг гэж нэг дарга нь хэлээд хоосон хоцорсон шүү
2020-09-01
Egro:
Saihan niitlel bichjee, ta buhnii ajild arvin ih amjilt husie.
2020-09-01
Жо:
Сайхан санаачлага байна. Илүү ихийг сэдэж ажиллаарай. Амжилт.
2020-08-31