А.Амбасэлмаа: Гурван хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 304 боллоо

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.01/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 25 сая 272 мянган хүн халдвар авч, 857 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 264 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Манай улсад ажиглалтаас 25 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 409 хүн шинээр ажиглалтад орлоо. Ажиглалтад нийт 3813 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 61 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа. 119 дугаарын утсанд 72 дуудлага ирсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 318 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 315 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 21 настай эрэгтэй, 58, 60 настай эмэгтэй хүн байна.
Бусад шинжилгээг задалж хэлбэл, энэ сарын 20-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 263 хүний шинжилгээ, гурван эмч, ажилчдын шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 22 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, тандалтын зорилгоор авсан гурван хүний шинжилгээ, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа зургаан хүний шинжилгээ, сувиллын ажиглалтад байгаа 11 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд байгаа долоон хүний давтан шинжилгээ байна.
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 304 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 295 боллоо. Нийт эдгэрээд гарсан 295 хүний 29 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 40 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 226 хүн байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, хөнгөн байна гэлээ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ