А.Амарсанаа: Барилга барих хүсэлтийг гэрээсээ шийдвэрлүүлэх боломжтой

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх талаар мэдээлэл хийлээ.
Түгжрэл ихтэй хотод төрийн үйлчилгээний олон шат дамжлагаас шалтгаалж нэг байгууллагаас нөгөө байгууллагын үүд татан гүйнэ гэдэг багагүй тэвчээр шаардах нь бий. Харин Монгол Улсын Засгийн газар, Мэдээлэл харилцаа холбооны зохицуулах хорооноос хамтран хэрэгжүүлж буй “Цахим Монгол” төслийн хүрээнд төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг албан тушаалтны хаалга таталгүйгээр гэрээсээ, гар утаснаасаа 24 цагийн туршид авах боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.
Үүний хүрээнд Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн фортал eservice.ulaanbaatar.mn системийг хэрэглээндээ нэвтрүүлж нийт 24 төрлийн үйлчилгээний тавыг онлайнаар дамжуулан үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Тухайлбал:
-Барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх
-Барилга байгууламжийн гүйцэтгэлийн байр зүйн зургийг хоот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх
-Архивын лавлагаа авах
-Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зурган мэдээллээр үйлчлэх
-Инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх гэсэн таван үйлчилгээг дээрх сайтаар дамжуулан иргэдэд хүргэж эхэлжээ.
Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа "Төрийн мэдээллийн "Хур", "Дан" системд байгаа иргэдийн мэдээллийг дахин шаардахгүй. Өөрөөр хэлбэл танаас ТҮЦ машины лавлагаа буюу төр өөрт байгаа мэдээллээ шаардахгүй гэсэн үг. Манайд барилгын ажлын зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой маш олон санал хүсэлт ирдэг. Үүнийг бүрэн цахимаар үзүүлэхээр зорин ажиллаж байна. Ингэснээр иргэд гэрээсээ, хаанаас ч өргөдөл, гомдлоо шийдүүлэх боломж нээгдэнэ" гэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ