А.Амбасэлмаа: 354 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.03/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 25 сая 726 мянган хүн халдвар авч, 866 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 245 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Манай улсад ажиглалтаас 7 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 320 хүн шинээр ажиглалтад орлоо. Ажиглалтад нийт 3690 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 72 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа. 119 дугаарын утсанд 33 дуудлага ирсэн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 354 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, энэ сарын 15-нд Сөүл -Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 267 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 32 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ,сувиллын ажиглалтад байгаа найман хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд байгаа 37 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор авсан дөрвөн хүний шинжилгээ, Увс аймагт тусгаарлагдсан таван хүний шинжилгээ байгаа.
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 306 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 296 боллоо. Нийт эдгэрээд гарсан 296 хүний 21 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 46 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 229 хүн байгаа.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, есөн хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна гэлээ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ