Б.Ууганцэцэг: Хүүхдээ дэмжсэн харилцаа сурлагад нь эергээр нөлөөлдөг

img

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлсэн. Ингэхдээ танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр явагдаж байгаа. Тиймээс нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа хүүхдүүд болоод сурагчдын сэтгэлзүйг хэрхэн тогтвортой байлгаж, дэмжих талаар Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.

 

-Нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа хүүхдүүдийн сэтгэлзүйг хэрхэн бэлтгэх вэ?

 

-Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй хүүхдүүдэд сургуулийн орчин, ангийн хүүхдүүд гээд бүхий  л зүйл шинэлэг байдаг. Үүнээс үүдэн зарим хүүхдүүдийн  сэтгэл санаа хямардаг. Зарим хүүхдүүд уйлах, айх, сургуульд сурахгүй гэж зөрөх гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлөө үйлдлээрээ илэрхийлдэг. Үүнээс эсрэгээр зарим хүүхдүүдэд шинэ орчин таалагдаж, эерэг сэтгэл хөдлөл давамгайлдаг. Тиймээс нэгдүгээр ангид орж байгаа хүүхэд бүрийн  сэтгэлзүй, зан байдал нь өөр өөр байна гэдгийг  эцэг эхчүүд  ойлгох хэрэгтэй. Хүүхдийнхээ сэтгэлзүйг бэлдэхийн тулд  нэгдүгээрт мэдээлэл олгох, хоёрдугаарт  сэтгэл санааг нь тогтвортой байлгах нь зүйтэй.

 

Мэдээлэл олгох:

 

-Сургуулийн сурагч дүрэмт хувцас өмсдөг, гэр-сургууль, сургууль-гэр маршрут,  анги хамт олон, багш хичээл заах, бичиж тэмдэглэх, өдөр судалсан зүйлээ бататгахын тулд гэрийн даалгавар өгдөг. Гэрийн даалгавраа цаг тухайд нь хийж байх хэрэгтэй зэрэг мэдээлэл өгч, танин мэдүүлэх нь чухал юм. Энэ жил бүр ч онцлогтой. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед  2020-2021 оны хичээлийн жил эхэллээ. Тиймээс энэ жил эцэг эхчүүд хүүхдэдээ мэдээлэл  илүү өгөх шаардлагатай гэсэн үг. Эцэг эхчүүд нэг тайлбарлаад орхидог. Олон давтаж сайн тайлбарлах хэрэгтэй. Жишээлбэл, томчууд бид ч гэсэн  шинэ ажилд орохдоо айж сандарч, олон саад бэрхшээлүүдийг туулдаг. Үүнтэй  адил  учраас мэдээлэл сайн өгч, зөвлөх нь чухал.  Эцэг эхчүүд хүүхдүүддээ мэдээлэл сайн өгөөгүйгээс ангийнхаа хүүхдэд шоолуулах, дээрэлхүүлэх байдал нэгдүгээр ангийн хүүхэд гэлтгүй сурагчдад тохиолддог. Тиймээс маш сайн мэдээлэлтэй байх нь чухал.

 

Сэтгэл санааг нь тогтвортой байлгах:

 

-Сурагч болсон учраас хариуцлагатай бай гэж хэлэхээс зайлсхийх хэрэгтэй.  Тухайн хүүхэд сурагч болсон гэдгээ хэт хариуцлага гэж хүндээр хүлээж авбал сэтгэл санаа нь тогтворгүй болох хандлагатай. Мөн хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхдээ чанга дуугаар загнаж, гар хүрч болохгүй. Энэ нь хүүхдийн хичээлдээ дургүй болох шалтгааны нэг болдог. Тиймээс хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхдээ илүү сонирхолтой аргуудыг ашиглаарай. Жишээ нь: Хүүхдийг багшийн дүрд оруулж хамтдаа тоглонгоо хичээлээ хийх. Хүүхдээ гэрийн даалгавар хийлгэхэд эцэг эх, асран хамгаалагчийн түүнд гаргаж буй чанартай цаг хамгийн чухал. Хүүхдээ гэрийн даалгавраа хийж байх хугацаанд та ч бас хийж буй зүйлээ орхиод хажууд нь суугаад ном унших гэх мэт анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслаарай. Бага насны хүүхэд гэлтгүй бүх насны хүмүүст аливаа зүйл тодорхойгүй байх үед стрессдэж түгшүүрлэж эхэлдэг байна. Тиймээс хүүхэддээ хэзээ хичээл нь тарах, хэдэн цагт ирж авах гэх мэт энгийн юм шиг хэрнээ чухал мэдээллүүдийг байнга өгч тодорхойгүй, ойлгомжгүй зүйл байгаа эсэхийг хүүхдээсээ байнга асууж байгаарай.

 

-Сургуульд шинээр элсэн суралцаж байгаа хүүхдүүд удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлж сууж сураагүй байдаг. Бага ангийн хүүхдийн анхаарал хэдий хугацаагаар төвлөрөх боломжтой вэ? Энэ нь сэтгэлзүйтэй холбоотой юу?

 

-Хүүхэд  анхаарлаа  төвлөрүүлэхэд  орчин их нөлөөлдөг. Жишээлбэл, хүүхэд гэрийн  даалгавар хийж байхад  гэрийн орчин хэт дуу чимээтэй байх, ширээн дээр хичээлийн хэрэгслээс өөр зүйлс байх үед анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү болдог.

 

-Бага ангийн сурагчдад буруу хариулт хэлэхээс айх, зовних мэдрэмж байдаг. Энэ нь цаашлаад санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байдалд хүргэдэг. Ийм нөхцөлд багш, эцэг эхийн зүгээс ямар дэмжлэг  үзүүлэх нь зүйтэй вэ?

 

-Асуулт асуугаад үгүйсгэгддэг, үзэл бодлоо илэрхийлээд  зөв бурууг шүүсэн зэмлэл олон сонссон хүүхдэд буруу хариулт хэлэхээс айх, зовних мэдрэмж төрдөг.  Хүүхдэд хамгийн чухал хэрэгцээ нь танин мэдэх. Танин мэдэх хэрэгцээгээ хангахын тулд асуулт асуудаг. Хүүхэд асуулт асуухад хариулт нь бүрэн ирэхгүй байвал асуулт асуухаа болих эсвэл бүрэн хариулт авахын тулд лавлаж асуудаг. Тухайн хүүхэд гэртээ өөрийгөө илэрхийлэх боломж бага буюу хүүхдийн хэлж буй зүйлсийг анхааралтай сонсдоггүй, асуултад нь бүрэн хариулт өгдөггүй эсвэл асуулт асуух үед нь дараа болъё, одоо ажилтай завгүй байна гэх мэтчилэн байнга хүүхэдтэйгээ ярилцахаа хойшлуулдаг тохиолдолд хүүхдүүд асуулт тавихаасаа зайлсхийх хандлагатай болдог. Үүний дүнд сургуульдаа  очиж хүүхдүүд болон багштай ярилцаж асуулт асуухаас зайлсхийдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн асуултад бүрэн хариулж чадаж байгаа эсэхээ анхаарах хэрэгтэй. Мөн  багш сурагчдаа дэмжиж байгаа эсэх нь чухал. Сургалтын үйл явц гэдэг бол дан ганц багш ярихаас илүү сурагч ойлгосон үгүйгээ харилцан ярилцаж, асуулт хариултад түшиглэдэг. Эцэг эхчүүд болон багш хүүхдүүдийн асуултыг анхааралтай сонсож, бүрэн хариулдаг бол тухайн хүүхэд мэдээлэлтэй болж, өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг. Хүүхдэд “ Би чухал хүн юм байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй юм байна” гэсэн бодол төрдөг.

 

-Бага ангиас дунд анги руу шилжих шилжилтийн үед зарим хүүхэд хичээлдээ муудах,  хоцрогдох тохиолдол гардаг. Үүнийг олон хичээл үзсэн учраас гэж тайлбарладаг ч тухайн сурагчийн сэтгэлзүйг нь бэлдэх нь чухал байх?

 

-Олон шалтгааны улмаас хүүхдийн сурлагын үзүүлэлт буурах боломжтой. Гэр бүл, шилжилтийн насны онцлог, сэтгэлзүй, найз нөхдийн харилцаа зэргээс шалтгаалж сурлагын үзүүлэлт дээшлэх, буурах  боломжтой. Хэрэв таны хүүхдийн сурлагын үзүүлэлт буурсан бол хичээлээ хий, дүнгээ сайн гарга гэж шахахаас илүү ярилцах нь чухал. Өөрөөр бол тухайн хүүхдийн сурлагын үзүүлэлт буурч байгаа шалтгааныг тодруулах хэрэгтэй. Үүнээс урьтаж эцэг эхчүүд, багш нар таамаг дэвшүүлдэг. Олон хичээл үзэж, олон багш хичээл орж байгаа гэх мэт.  Сурлагын үзүүлэлт нь буурч, хоцрогдож байгаа ихэнх өсвөр насныхны голчлох шалтгаан нь  гэр бүлдээ санаа зовох, гэр бүлийн тогтворгүй харилцаа, гэрээсээ хол айлд амьдардаг, үерхэл нөхөрлөл зэргээс болсон байдаг. Тиймээс таамаг дэвшүүлэх, шахаж шаардахаас  урьтаж хүүхэдтэйгээ ярилцаж шалтгааныг нь тодорхойлох нь зүйтэй юм.

 

-Дунд, ахлах ангийн сурагчид шилжилтийн насны хүүхдүүд байдаг. Эдгээр хүүхдүүдтэй багш, эцэг эхчүүдийн зүгээс хэрхэн харилцвал зүгээр бол?

 

-Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн шилжилтийн нас эрт эхэлж байна. Өсвөр насны хүүхэдтэй  эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийг нь сайн ойлгож харилцах нь зүйтэй. Өсвөр насныхны хувьд найз нөхдийн хүрээлэл хамгийн чухал байдаг. Өсвөр насны хүүхдүүд томчууд биднээс “Биднийг ойлгоосой, ядаж хичээгээсэй” гэж хамгийн их хүсдэг байна. Тиймээс эцэг эхчүүд багш нар маань тухайн хүүхдийн ярьж буй зүйлийг загнахгүйгээр дуустал нь сонсох мөн ойлгох гэж хичээх хэрэгтэй. Эцэг эхчүүдийн түгээмэл гаргадаг алдаа нь ярьж эхлэх үед нь л шууд шүүмжлэх гээд байдаг. Гэтэл тухайн хүүхэд өөрт тохиолдсон үйл явдлууд түүнд ямар санагдсан бэ? буюу эерэг болон сөрөг мэдрэмжээ хуваалцах хүсэлтэй байдаг. Тиймээс асуудлын шийдлийг ярилцахаас өмнө тухайн хүүхдийн мэдрэмжийг хуваалцдаг буюу идэвхтэй сонсогч байхыг хичээгээрэй.

 

-Сургуулийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх таны зөвлөгөө?

 

-Цар тахлын нөхцөл байдлын улмаас боловсролын салбарт шинэ зүйлсийг туршиж байна. Тиймээс аюулгүйн зөвлөмжүүдийг дагаж, хүүхдийнхээ биеийн эрүүл мэндээс гадна  сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаарал хандуулаарай.

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Мундаг сэтгэл судлаач, өгч байгаа зөвлөгөөг нь хэрэгжүүлдэг шүү. Танд амжилт.
2020-09-21
Zochin:
Mergejil-n baij boloh ch medlegee deeshluulj baij ene asuudlaar niited medeelel ogoh uuregtei shu. Zovhon mungunii tuluu yvdagaa odo bolih heregtei
2020-09-04