Сурвалжилга: Эмээгийн боорцог, итгэлийн хандиваар бүтсэн “Ид шидийн орон”-ы хүүхдүүд жаргалтай байна

img

 

Бүрхэг тэнгэртэй бүүдгэр өдөр. Хаа нэгтээ нохой хуцна. Гэр хорооллын давчуу гудамны энхэл донхол  замд  тогтож үлдсэн борооны ус, Ээжийнхээ нуруунд үүрүүлж, зүүрмэглэж  явах хүү, амьдралын саарал өдрүүдийг аяга тагш юмгүйгээр туулж үл чадах өнөөх хэд. Улиастайн шинэ эцсийн гэр хороолол дунд өнгө нэмэн байрлах хоёр давхар байр. Хаанаас нь ч харсан содон аж. Энэ хоёр давхар байшинд ойртох тусам хүүхдийн инээд хөөр, баярлах дуу улам тодроно. Энэ бол “Ид шидийн орон 2”  хүүхэд хамгаалал хөгжлийн төв.

 

Энэ амралтын өдрөөр “Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвөөр ороод гарах их хүсэл хөтөллөө. Ингээд“Лантуун дохио” ТББ-ын сайн дурын ажилтан “Ид шидийн орон 2” төвийн “Magic café”-н бариста Д.Тэмүүлэнтэй холбогдож очих цагаа товлолоо.  

 

“Ид шидийн орон 2” төвийн “Magic café”-хаалгаар яваад ортол нүүр дүүрэн инээмсэглэсэн Д.Тэмүүлэн охин угтаж авлаа. Гэр хорооллын анхны coffee shop “Magic café” тохижилт үнэхээр сайхан аж. Ногоон ургамал, номын тавиур,  гаднах орчныг бүхэлд нь тольдох цэлгэр цонх, эвтэйхэн гэгч нь байрлуулсан ширээ сандал, хөнгөхөн эгшиглэх аялгуу, хүүхдийн инээд төгс зохицол. Тайван мэдрэмж.

 

“Лантуун дохио” ТББ-аас “Ид шидийн уут” аяныг санаачилж жил бүр алслагдмал гэр хорооллын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг тараах ажлаас үүдэж, хүүхдэд нэг удаа туслаад өнгөрөх биш жинхэнэ шийдэл хэрэгтэй гэж үзэн хүүхэд хамгаалал хөгжлийн төв байгуулахаар болж “Ид шидийн орон” төслийг 2017 онд эхлүүлж Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Баянхошууны Зүүнсалаанд хүүхэд хамгааллын төв байгуулсан. Үүний дараагаар 2019 онд өмнөх туршлага дээр үндэслэн “Ид шидийн орон 2 хүүхэд хамгаалал, хөгжлийн төв”-ийн төслийг  эхлүүлсэн. Мөн л амжилттай хэрэгжиж Баянзүрх дүүргийн Улиастай шинэ эцэст  сүндэрлэсэн. Ингээд  “Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвтэй танилцлаа.

 

 

Уулзалтын өрөө:  Бүтэн ханан дээр “Ид шидийн орон 2” төслийн хандив хэрхэн бүрдсэн талаар хийгээд хандив хэрхэн зарцуулагдсан талаар тодорхой сийрүүлжээ. Мөн өөрсдийн шилэн данстай ба сайт болон фэйсбүүк хуудсан дээрээ хандивын мэдээллээ тогтмол оруулдаг гэнэ. “Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийг бүтээсэн нийт санхүүжилт нь 2,3 тэрбум төгрөг. Хандивлагч бүрийг өөрийн бичвэртээ дурдваас дуусахгүй биз. Олон хүний хандив тусламж болон хувийн хэвшлийн байгууллагууд, тухайлбал, “Энержи ресурс”, “Дашваанжил-газ”, “Хаан банк” зэрэг олон байгууллагууд дэмжлэг үзүүлжээ. Мөн  гадаадад суугаа монголчуудаас хандив ирүүлсэн байна. Хамгийн хөөрхөн нь Увс аймгийн нэгэн эмээ боорцог хайрч явуулсан байлаа. Д.Тэмүүлэнгийн хэлж буйгаар нийт мөнгөн хандивын 81 хувь нь 50 мянгаас доош  төгрөгний мөнгөн хандив эзэлдэг гэнэ. Эдгээр олон хүний мөнгөн болон мөнгөн бус сэтгэлийн дэмжлэг “Ид шидийн орон”-г бүтээжээ.

 

 

Сургалтын танхим: Тус танхимд англи, солонгос хэлний клуб хичээллэхээс гадна, сайн дурынханд зориулсан сургалт гээд олон олон сургалтууд зохион байгуулагддаг гэлээ. Мөн “Хүүхэд хамгааллын нэг цэгийн үйлчилгээ”, Сэтгэл зүйн танхим, Бүжиг, иога, бясалгал, балетийн сургалтын өрөө,  сайн дурын ажилтнуудын өрөө, цэцэрлэгийн ахлах болон бага бүлэг, "Лантуун дохио" ТББ-н төв байр байх аж. Мөн цаашдаа хүлэмж болон оёдлын үйлдвэр барихаар төлөвлөж байгаа юм байна. Цэцэрлэг нь нэг ангидаа  40 хүүхдийн багтаамжтай ч өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед өгсөн заавар зөвлөмжийн дагуу 20 хүүхэдтэйгээр хичээллэж байгаа гэнэ. Цаашлаад холимог бүлгийн анги байна. Тодруулбал, тусгай хэрэгцээт хүүхдүүд, энгийн хүүхдүүдтэй хамтдаа суралцана. Дашрамд дуулгахад тусгай хэрэгцээт хүүхдүүдэд хамгийн ээлтэй газар болохыг зорьж хаалга, шат, тоглоомын талбай гэх мэт жижиг гэлтгүй зүйл дээр анхаарч хичээж байгаа гэнэ лээ.  Жилдээ хоёр удаа сайн дурын гишүүдийн элсэлт авдаг. “Лантуун дохио” ТББ-ын сайн дурын ажилтан Д.Тэмүүлэнгээс “Ид шидийн орон” төвийн төв хаалгаар ороход нэг ханан дээр маш олон од байрлуулсан байгаагийн учрыг асуутал “Онцлох болон төлөөлөх хандивлагч”-даа алдаршуулсан нь энэ. Сайхан сэтгэлт мянга мянган хандивлагчдаа  бүгдийг нь одон дээр тэмдэглэвэл энэ байшин одоор дүүрнэ шүү гэж хошигнож байлаа.

 

 

Сүүлд бид “Magic café” кофе шоптой танилцлаа.  Номын сан нь 10 мянга гаруй номтой. Бүх ном хандиваар цугласан. Хүүхдүүд номын сангийн карт нээлгээд үнэгүй ном авч уншиж болно. Олон ном уншиж оюундаа хөрөнгө оруулалт хийсэн хүүхдүүдийг шагнаж урамшуулдаг. Мөн Magic café –д “Ханын сүү” гэж байдаг ба сайхан сэтгэлт хандивлагчид нь  шидэт сүү буюу амтат сүүний мөнгийг нь үлдээгээд хананд урмын үг бичиж үлдээдэг юм. Дараа нь хүүхдүүд ном уншиж, хичээл хийгээд  шидэт сүүгээр дайлуулдаг.

 

 

Сайн дурын ажилтан байна гэдэг амьдралын их сургуульд сурч байгаа гэсэн үг

 

-Лантуун дохио ТББ-д хэдэн оноос сайн дурын ажилтнаар ажиллаж байгаа вэ?

 

-Лантуун дохио ТББ-д сайн дурын ажилтнаар  хоёр жилийн өмнө элсэн орж байсан.  Мөн “Ид шидийн орон 2” төв нээлтээ хийснээс хойш “Magic café” кофе шопт  баристагаар ажиллаж эхэлсэн.

 

-Ямар сургуульд суралцдаг вэ?

 

-Би Өвөрхангай аймгийн Хужирт сумынх. Арван жилээ БЗД-н 21-р сургуульд суралцаж төгссөн. 2017 онд МУИС-д элсэж  орсон. Гэхдээ хувийн шалтгаанаар сургуулиасаа чөлөө авч олон төрлийн ажил хийж үзсэн. Багаасаа л хүүхдийн сайн сайхны төлөө ажиллах хүсэлтэй байсан болохоор тэр дундаа сайн дурын ажлыг гол болгож өөрийгөө хөгжүүлэхийг хичээсэн. Харин одоо зорилгоо илүү тодорхой болгож энэ жилээс сэтгэл судлалын чиглэлээр суралцахаар БНХУ-руу явах гэж байна. Мэдээж сургуулиа амжилттай төгсөөд чанартай боловсрол сайн эзэмшээд эх орондоо ирж ажиллана. 

 

-Сайн дурын ажил хийхийн ололт нь юу вэ?

 

-Сайн дурын ажил хийснээр хүн олны дунд орж олон төрлийн ажил хийж үздэг. Тэр хэрээрээ өөрийн олон алдаа дутагдлыг олж хардаг. Олон чадварт суралцахаас гадна сэтгэл зүй,  харилцаа хандлага, ухамсар гээд олон талаараа төлөвшдөг. Миний хувьд сайн дурын ажил гэдэг би гэхээсээ илүү бид гэсэн үнэ цэнэтэй байдаг юм. Бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлтэй гайхалтай хүмүүсийн дунд ажиллах хамгийн сайхан. 

 

Мянга мянга хүний  сэтгэлийн хандиваар бүтсэн “Ид шидийн орон”-нд хүүхдүүд жаргалтай байна.

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ