Япон: Ерөнхий сайдын сонгуулийн өмнөх сурталчилгааны ажил эхэллээ
2020-09-08

Японд эрх баригч намын даргыг сонгохын өмнөх кампанит ажил эхэлсэн талаар NHK агентлаг мэдээллээ. Эрх баригч намын дарга ерөнхий сайдаар томилогдох бөгөөд энэ суудалд гурван нэр дэвшигч горилж байгаагаас өнөөгийн сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга гол өрсөлдөгч гэж тооцогдож байгаа юм. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, намын даргыг тодруулах сонгууль есдүгээр сарын 14-ний өдөр алсын зайн хэлбэрээр явагдах аж. Харин 10 дугаар сарын 16-нд Парламент шуурхай хуралдан шинэ ерөнхий сайдын томилгоог батлах юм байна.

 

Эргэн сануулахад, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаа орхих төлөвлөгөөтэй байгаа талаарх мэдээлэл анх наймдугаар сарын 28-ны өдөр гарч байлаа. Удалгүй энэ мэдээллийг Шинзо Абэ өөрийн биеэр баталсан юм. Тэрбээр олон жилийн турш бүдүүн гэдэсний салст бүрхэвчний архаг үрэвсэлтэйгээ тэмцэж байгаа  бөгөөд энэ өвчний улмаас 2006 онд албан тушаалаа өгч байжээ. Харин дараа нь түүний эрүүл мэнд тогтворжиж, 2012 онд Шинзо Абэг дахин Ерөнхий сайдаар сонгосон байна.

 

Наймдугаар сарын сүүлээр хууч өвчин нь хүндэрснийг мэдсэн Шинзо Абэ "эрүүл мэндийн байдал нь улс төрийн шийдвэр гаргахад нь нөлөөлөхгүйн тулд" огцрохоор шийдсэний дараа шинэ ерөнхий сайдад нэр дэвшигчид тодорч эхэлсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин