Товчлуур дараад л ТАЙЧИХ КЛУБТЭЙ

Амьдрал улам л энгийн, элдэв маяггүй болсоор. Үүний адил төрийн үйлчилгээ ч хэцүүгүй, хэт албархах биш, амар хялбар болж байна. “Тэмдэгтийн хураамжаа банканд тушаагаад ир”, “Хорооны Засаг даргын гарын үсэг алга” гэх үг сонсоод гэдрэг эргэсэн өдөр танд тохиож л байсан биз.
Энэ мэтчилэн төрийн албаны хүнд суртал, ачаалал, оочир дугаарын асуудал үргэлж шүүмж дагуулсаар ирсэн. Тиймд төрийн ажлыг хөнгөвчлөх, иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх зорилгоор ТҮЦ машиныг 2013 онд үйлчилгээнд анх нэвтрүүлсэн. Монгол Улсад анх удаа олон төрлийн үйлчилгээтэй ТҮЦ машиныг үйлчилгээнд амжилттай нэвтрүүлсэн мэдээллийн технологийн Аствишн компанийн IT инженерүүд төрийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулжээ. Интернеттэй, компьютертой, гар утастай л бол Монгол Улсын хаанаас ч иргэний үнэмлэхийн лавлагаанаас эхлээд ресторан ажиллуулах зөвшөөрөл авах боломжийг бүрдүүлэв. Угтаа төрийн үйлчилгээ таны IPAD аль эсвэл IPHONE-д багтчихаж.
-ЦАХИМ ДАРГА, ЦААСГҮЙ ЗӨВШӨӨРӨЛ-
Монгол Улсын Засгийн газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас Цахим Монгол буюу “E-Mongolia” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн эхний шатанд 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимаар үзүүлэх юм. E-mongolia.mn нь иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр нэг цэгээс хүргэх портал систем. Иргэд энэхүү нэгдсэн цахим портал сайтаас үйлчилгээ авахдаа тоон гарын үсэг болон өөрийн нэр дээр бүртгэлтэй гар утсаа ашиглан хялбархан нэвтрэх боломжтой.
Цахим сайтын төрийн үйлчилгээ хоёр шатлалтай.
Нэгдүгээр шатлал: Тодорхойлолт, лавлагаа /иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт/. Эдгээр лавлагаа, тодорхойлолтыг иргэн шууд авах боломжтой.
Хоёрдугаар шатлал: Тусгай зөвшөөрөл /амралтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл, ресторан, караоке эрхлэх зөвшөөрөл гэх мэт/. Энэ хүсэлтийг холбогдох албаныхан хүлээж аваад судална. Хуралдана. Хянана. Долоо хоногийн дотор хариу өгнө. Гэхдээ үйлчилгээний төрлөөс хамаараад хяналтын хугацаа өөр байна.
Харин иргэд E-mongolia.mn порталд гурван хувилбараар хандах боломжтой.
1. Порталаар /Компьютер, интернет л байвал төрийн үйлчилгээг хаанаас ч авч болно/
2. Оператораар /Гар утас, компьютер байхгүй тохиолдолд үйлчилгээний ажилтан төрийн үйлчилгээг операторын горимоор үзүүлнэ. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд байгууллага бүр нэг цонхтой байдаг. Энэ нь татвар, тэтгэмж, тодорхойлолт гэх мэтээр ангилж байсныг одоо нэг л ажилтанд хандан авах боломжтой болох юм.
3. Мобайл аппликэйшнаар /Гадуур явж байсан ч гар утаснаасаа төрийн үйлчилгээ авах боломж/
-ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ТАНЫ ХАЛААСАНД-

ЖИШЭЭ НЬ:
Нэгдүгээр шатлал: E-mongolia.mn цахим порталд “Үндэсний энгийн гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа” гэсэн цонх байна. Энэ үйлчилгээг Улсын бүртгэлийн байгууллага үзүүлнэ. Үйлчилгээ үзүүлэх хугацаа “ШУУД”. Гар утаснаасаа, компьютероос, оператораас гээд бүх хэлбэрээр энэ үйлчилгээг шууд авч болох нь ээ. Үйлчилгээний төлбөрийн хураамж 1000 төгрөг. Төлбөрийг QPAY ашиглан төлөх боломжтой.
Хоёрдугаар шатлал: Цахим портал дахь 181 төрийн үйлчилгээ дунд “Тайчих клуб эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах” гэсэн цонх байна. Энэ зөвшөөрлийг авахад танд үйлчилгээ үзүүлэх төрийн байгууллага нь Нийслэлийн Соёл урлагийн газар. Үйлчилгээ үзүүлэх хугацаа 7 хоног. Та хүсэлт гаргаснаас хойш долоо хоногийн хугацаанд Нийслэлийн соёл урлагийн газраас хариу ирэх нь. Өөрөөр хэлбэл, төр иргэн хоёрын хооронд ажилтан биш хиймэл оюун ухаан ажиллаж, бичиг цаасыг цахимаар дамжуулж байна гэсэн үг.
Харин та Улаанбаатарын иргэн. Увс аймагт аялж яваад жолооны үнэмлэхээ гээчихлээ гэж бодъё. Тэгвэл тус аймгийн E-mongolia.mn цахим порталын салбарын операторт очиж үйлчлүүлээд “Жолоодох эрх, жолоочийн оноо, жолооны үнэмлэхийн хүчинтэй эсэхийг тодруулах лавлагаа” авах боломжтой.
Өөрөөр хэлбэл үүрэн телефоны оператор компанийн салбарууд хөдөө, орон нутагт бий. Иргэд тухайн компанийн харилцагч л бол аль ч салбарт нь хандаж үйлчилгээ авах боломжтой шиг жолооны үнэмлэхээ гээсэн, хаягаа өөрчлөх, газраа зарах, дэлгүүр нээх зөвшөөрөл гээд төрийн 181 үйлчилгээг интернет сүлжээнд холбогдсон бүх аймаг, суманд байх операторт хандан авах боломжтой.
Ингэж E-mongolia.mn портал сайтын тусламжтайгаар төрийн үйлчилгээ илүү задарч операторын горимд шилжиж төр, иргэн хоёрын хооронд шууд харилцаа үүсгэж буй юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ