Өвчтөнүүдийн ар гэрийнхэн шалан дээр хонохгүй

Яаралтай болон хугацаат хагалгаанд орсон, мөн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй өвчтөний ар гэрийнхэн тус эмнэлгийн шал, шатан дээр сууж, тэндээ хонох нь элбэг. Өвчтэй хэн нэгнээ олон хоног сахих ар гэрийнхэнд нь хүнд.
Харин Улсын Гуравдугаар төв эмнэлэг эмчлүүлэгчдийнхээ ар гэрийнхэнд зориулсан тав тухтай хүлээлгийн өрөөтэй болжээ. Эрүүл мэндийг дэмжигч байгууллага “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн дэмжлэг, дотоод нөөц бололцоогоо ашиглан эмчлүүлэгчдийн ар гэрийнхэнд зориулсан 91,96м2 талбай бүхий 3, 4 дүгээр хүлээлгийн өрөөг засварлан тохижуулж ашиглалтад оруулсан нь энэ. Уг өрөөнд ар гэрийнхэнд тусгайлан зориулсан эд зүйлсээ хадгалах, байршуулах шүүгээ, номын тавиур, буйдан сандал, ширээ, эмчлүүлэгчдийн биеийн байдлыг цаг тухай бүрт мэдээлэх дэлгэц, самбар, камержуулалт, суурин утас болон ариун цэврийн өрөө, тээш хадгалах хэсэг зэргийг гарган тохижуулсан байна.
Эмнэлгийн хувьд иргэд, үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдийн ар гэрийнхэнд зориулан 2017 онд нэгдүгээр давхрын 16м2 талбайд мэс заслын болон эрчимт эмчилгээний тасгийн эмчлүүлэгчдийн ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөөг өргөжүүлэн тохижуулж, 2019 онд хоёрдугаар давхрын 12м2 талбайд эрчимт эмчилгээний тасгаар үйлчлүүлэгчдийн ар гэрийхэнд зориулсан хүлээлгийн өрөөнүүдийг эмнэлгийн дотоод нөөц бололцоогоор болон “Барилгачин Залуучуудын Холбоо” ТББ-тай хамтран тохижуулан тасралтгүй ажиллуулж эхэлжээ.
Мөн тус эмнэлгийнхэн өнөөдрийн байдлаар хүлээлгийн дөрвөн өрөө ажиллуулж байгаа тул эмчлүүлэгчдийн ар гэрийнхэн, иргэд, үйлчлүүлэгчдийг хэт олноор цугларч, эмнэлгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр тусгайлан тохижуулсан хүлээлгийн өрөөгөөр үйлчлүүлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг уриалсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ