П.Бүрэнтөгс: Допингийн шинжилгээний хариуг надад мэдэгдээгүй байна

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн П.Бүрэнтөгс нарын бөхчүүдээс допинг илэрсэн тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Тодруулбал, хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөхөөс допингийн шинжилгээ авч, шинжилгээг БНСУ-ын лабораторид хийлгэдэг. Шинжилгээний хариу ирсэн гэх мэдээлэл бий. Шинжилгээний хариуны талаар Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн цахим хуудсаараа дамжуулж тайлбар хийлээ.
Тэрбээр, “Наадмын дараа найр наадам гэж явж байгаад саяхнаас бэлтгэлдээ ороод байж байна. Бэлтгэл хийж байгаад утсаа хартал мэдээлэл тарчихсан байх юм. Учрыг нь олохгүй мэдээлэл тарааж байгаа хүмүүсийг гайхаж байна. Одоогоор Допингийн эсрэг үндэсний төвөөс хариу хэлээгүй байгаа. Мэдээ хараад гайхаад сууж байна. Надаас түрүүлээд сайтуудад мэдэгддэг юм болов уу гээд гайхаад сууж байна. Хариу ирсэн бол надад мэдэгдэх байх. Хариугаа аваад та бүхэнд мэдэгдэнэ. Надад нууж хаах зүйл байхгүй. Худал хуурмаг мэдээлэлд битгий итгээрэй” гэв.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ