
Дэлхийн эдийн засгийн 2008 онд эхэлсэн хямралыг 1929-1930 онд Америкт эхэлсэн их хямрал буюу Great Depression-тэй зүйрлэсээр байна. Хүн төрөлхтөний түүхэнд тохиолдсон олон хямрал дундаас 1929 оны 10 дугаар сарын 29-нд эхэлсэн хямралыг хамгийн удаан үргэлжилсэн гэж үздэг юм билээ.
Их хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайныг үүсгэх, өдөөх үндсэн шалтгааны нэг болсон ажээ. Хямрал дайныг дамжсаар 1955 оноос л эдийн засаг сүйрлийн өмнөх үеийн түвшинд хүрчээ. Үүгээр нь тооцвол нийт 26 жил үргэлжилжээ. Франклин Рузвельт 1933 онд Америкийн Ерөнхийлөгч болмогцоо хямралыг давахын тулд “төр эдийн засагт оролцож, зохицуулалт хийх ёстой” гэсэн Кейнсийн бодлогуудыг хэрэгжүүлж эхлэв. Юуны өмнө ажлын өргөн фронт бий болголоо. Холбооны Орон сууцжуулах алба байгуулагдан ядуу, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах ажил өрнүүлэв. Үр дүнд нь нийгмийн асар том бэрхшээлийг арилгаж, АНУ хүн төрөлхтний түүхэнд анх удаа орон сууцны асуудлыг иж бүрэн шийдвэрлэсэн орон болсон юм.
Дэд бүтцийн салбар луу хөрөнгө оруулалтыг чиглүүлж олон сая хүнийг ажилтай болгосноор нийгмийн болон хүмүүнлэгийг хямралыг зогсоож чадав. Дайн гарцаагүй болж ирсэн тул төрийн захиалгыг хүнд үйлдвэрүүдэд өгч зэвсэг, техник хийлгэсэн нь ажилгүйдлийг арилгах, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болжээ. Дайны дараа ч гэсэн төрийн зохицуулалт оролцоог хадгалж нефтийн болон хөлөг онгоц босгох салбаруудад хөрөнгө оруулалтыг дэмжиж ажлын байрыг олноор нь бий болгож байсан ажээ.
Хямралыг даван туулахад Германы сургамж бас үнэтэй. Дэлхийн II дайны дараахь үнс нурман дундаас хүчирхэг Герман орныг босгосон түүх нь ажилгүйдлийг устгасан түүхээс өөр юу ч биш.
1945 оны сүүл гэхэд Германы төр үндсэндээ устгагдчихсан байжээ. Ихэнх германчууд zusammenbruch буюу «ялагдлын гутралд» орчихсон гутранги үе.
Дайтаж явсан хэдэн зуун мянган цэрэг эрс, юу ч үгүй болтлоо сүйдэж балгас болсон хотууд, сэтгэл санааны гүн дарамттай, идэх хоол, өмсөх хувцасгүй ард түмнийг хэрхэн, юугаар хоолл ож, ирээдүйгээ яаж бий болгох вэ гэсэн хүндхэн асуултын хариуд Конрад Аденауэр “Ажлын байр бий болгох” гэсэн товчхон шийдэл олсон байна.
Европын эдийн засгийн асуудлыг шийдэхийн тулд америкчууд Маршалын төлөвлөгөөг сэдэв. Хэрэв германчууд сэргээн босголтын энэ төлөвлөгөөг зөвшөөрвөл Америк хуучин дайсан байсан гэж үзэлгүй их хэмжээний зээл олгох болжээ.
Аденауэр шууд л зөвшөөрчээ. К.Аденауэр их хэмжээний зээлийн хажуугаар 1948 онд санхүүгийн шинэтгэл хийж, маш хатуу арга хэмжээ явуулсны үр дүнд үндэсний валют тогтворжиж, далд эдийн засаг шахагдсан байна. Ингэснээр 1953 он гэхэд Германы эдийн засаг дайны өмнөх түвшинд эргэн иржээ.
Аденауэрын бодлого хоёр тулгууртай байжээ. Нэгд,нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг, нөгөө нь шинэ Европ дахь шинэ Герман улс. Эхний алхам болгож бага орлоготой иргэдэд зориулсан орон сууцжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж харьцангуй хямд байруудыг бариулж ипотекийн зээлээр олгож эхэлсэн байна. Аравхан хувь нь бүтэн үлдсэн Берлин хотыг шинээр барилгажуулах, орон сууцжуулах нүсэр ажлыг эхлүүлснээр ажилгүй, орлогогүй аргаа баран холхиж байсан цэрэг эрсийн хүчийг нийгмийн сайн сайханд чиглүүлж чадлаа.
Улс орон даяар бүтээн байгуулалт сэргээн босголтын ажил ундарч, хүн бүр ажлын байртай болж улмаар ажиллах хүчний хомсдолд орж ирхэд тэд Туркчуудыг олноор нь урин залсан юм.
Аденауэрын толгойлсон эхний таван жилд л ДНБ 48 хувь, цалин 80 хувиар өсчээ. Дэлхий даяар «Германы эдийн засгийн гайхамшиг»-ийн талаар ярьж байлаа.
Хямралыг даван туулж дэлхийд эхний аравт багтах хүчирхэг эдийн засгийг бий болгосон өмнөд Солонгос улсын түүх бас сонин. Японы эздэн түрэмгийлэлээс чөлөөлөгдөөд тусгаар тогтнолоо олсон ч Азийн хамгийн ядуу орны нэг байв.
1962 онд засгийн эрхийг авсан Пак Чон Хи генерал хүн амын 80 хувийг эзэлж байсан ядуусын армийн хүчийг ажлын фронт руу татаж чадсанаараа гавъяатай.
Загасны аж ахуй, тариалангаас өөр юм эрхэлдэггүй байсан улсаа орчин үеийн үйлдвэржсэн орон болгохын тулд Пак тэрбум тэрбумаар зээл тавьж, үйлдвэр, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулан ажлын өргөн фронтыг бий болгожээ.
Тэрээр гадаадад ажиллах хүч гаргах бодлогыг санаачилж, арабын орнууд руу ажилчид гаргахын зэрэгцээ Вьетнамын дайнд оролцож байгаа Америкийн армийн арын алба, харуул хамгаалалтанд солонгосчуудыг олноор нь ажиллуулах гэрээ хийж чадсанаар АНУ-аас их хэмжээний хөнгөлөлттэй зээл, тусламж авч чадсан юм.
Энэ нь тухайн цагтаа ажлын байр, хөрөнгө оруулалтын хомсдлыг нөхсөн оновчтой бодлого болж чаджээ. Пак Чон Хи 5 жил тутмын макро эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн ба 1965 онд дайсагнаж ханддаг байсан Япoнтoй харилцаагаа хэвийн болгож, Японы хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татсанаар эхлээд хөнгөн үйлдвэр, дараа нь хүнд үйлдвэрүүд олноор байгуулагдаж ажилгүйдэл үндсэндээ ариллаа. Ажилтай, орлоготой болсон иргэдэд үндэсний ухамсар, итгэл үнэмшил сэргэж ирдгийг Солонгосын түүх харуулдаг. Хэрвээ тэр үед Солонгосын удирдлага зах зээлийн “үл үзэгдэх гар” зохицуулна биз гэж найдаад суусан бол өнөөгийн цэцэглэл хөгжилтөд хүрэх эсэх нь эргэлзээтэй.
Өмнөд Солонгосын эдийн засаг өнөөдөр дэлхийд эхний аравт, Азидаа 3-т орж байна. Өмнөд Солонгостой яг ижил нөхцөлтэй байсан өмнөд Азийн орнуудын төрөөс ажилгүйдлийг арилгах, бүтээн байгуулалтыг өрнүүлэх цэгцтэй бодлого явуулаагүйн харгайгаар байрандаа хоцорсон юм.
Эдийн засгийн шинжлэх ухааны /ScD/доктор Б.Баттөмөрийн “Дэлхийн санхүүгийн хямрал ба хямралын менежмэнт” номноос
СЭТГЭГДЭЛ БИЧИХ