Н.Батсуурь: Хариугаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ...

Улсын аварга Н.Батсуурь сэргээшийн шинжилгээний хариутай холбогдуулан тайлбар өглөө. Тэрээр:

-Допингийн хариу ирсэнтэй холбогдуулан өөрийн биеэр хариугаа зарлах гэж хэвлэлийн хурал хийж байна. Долдугаар сарын 12-нд Үндэсний баяр наадмаар үзүүрлэн “Тод сайхан” чимэг авсан. Үүнээс хойш хоёр сарын дараа Допингийн шинжилгээний хариу гарлаа. Би шинжилгээний хариугаа энэ сарын 10-ны өдөр хүлээн авсан. Миний шинжилгээнээс предизин гэх бодис илэрсэн. Энэ хариуг хүлээн зөвшөөрч байна. Энэ хариуг үнэн гэдгийг мэдэгдье. Би энэ сарын 10-ны өдөр хариугаа авснаас хойш 3 хоногийн хугацаанд энэ эмээ судаллаа. Гэтэл энэ нь зүрхний эм юм байна. Энэ нь Монголын эмийн сангуудаар эмчийн зааваргүйгээр 400 төгрөгөөр зарагддаг.
Өнөөдөр яагаад тайлбар хийсэн бэ гэхээр S4 ангилалд энэ эмийн хариу гарсан. Энэ нь маш бага хэмжээгээр хэрэглэсэн гэсэн дүн юм. Энэ шинжилгээтэй маргах зүйлгүй. Одоо миний хувьд хариуцлага ярих хэрэгтэй. Би 100 жилээр энэ хариуцлагаа хүлээхэд бэлэн байгаа ч би харамсч байна. Үнэхээр харамсалтай байна.
Би энэ эмийг уух шалтгаангүй. Миний бие эрүүл. Нийт бөх сонирхогч, монгол хүн бүрээс уучлалт гуйя. Залуу бөхчүүдэд хандаж хэлэхэд сонор сэрэмжтэй, хянамгай, хариуцлагатай байгаарай, цөвүүн цаг ирсэн байна гэж захья.
Надад энэ эмийг нэг ширхгээр уух юмтай хольж өгсөн байх гэдэг хар төрж байна. Манайх удмаараа бөх. 70 жил үндэсний бөхөө өвлөн үргэлжлүүлэн барилдаж байна. Допингийн шинжилгээ өгөхдөө идэж уух хоол хүнсэндээ маш их хяналт тавиарай. Анхаарал болгоомжгүй байдлаасаа болж, энэ асуудлаас болж барилдах эрхээ хасуулахад бэлэн байна" гэлээ.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ