ВИДЕО: Н.Батсуурь нар шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрсөн

Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг танилцууллаа.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж:
-Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.2-т заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2018 оны тогтоолыг үндэслэн жил бүр тав давж шөвгөрсөн 16 бөхөөс допингийн сорьц шинжилгээ авдаг. Энэ жил ч мөн 16 бөхөөс шинжилгээ авсан. Шинжилгээг БНСУ-ын Допингийн хяналтын лаб руу илгээдэг. Лаб хариу энэ оны есдүгээр сарын 08-нд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 77 дугаартай албан бичиг ирсэн. Энэ албан бичигт гурван бөхийн асуудлаар шинжилгээний хариу ирүүлсэн. Тухайн гурван бөхийн нэрийг танилцуулъя.
-
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн Улсын харцага Б.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2020”-д заасан гурван төрлийн бодис илэрсэн.
-
Хүчит бөхийн барилдаанд найм давж үзүүрлэсэн, Улсын аварга Н.Батсууриас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2020”-д заасан бодис илэрсэн.
-
Хүчит бөхийн барилдаанд зургаа давж шөвгөрсөн, Улсын арслан Р.Пүрэвдагваас гурван төрлийн бодис тус тус илэрсэн.
Журамд шинжилгээний хариуг холбогдох бөхөд танилцуулна гэж заасан. Журамд заасны дагуу шинжилгээний хариуг дээр дурдсан гурван бөхөд танилцуулсан. Бөхчүүд шинжилгээний хариутайгаа танилцаад бөхчүүд “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байна. Эсвэл хүлээн зөвшөөрөхгүй байна. “B” сорьцын шинжилгээнд дахин хамрагдах эсэх хариугаа өгдөг.
Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нар “A” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр мэдэгдсэн. Бөхчүүд шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрсөн учраас өнөөдөр олон нийтэд мэдээлж байна.
Бөхчүүд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн учир Монголын үндэсний бөхийн салбар хороо хуралдана. Хуралдаанаар тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгох эсэх, шинээр олгосон цолыг хураах эсэх, тухайн бөхөд унасан бөхчүүдийг давснаар тооцох эсэх, цол чимгийг хурааж авах эсэхийг хэлэлцэнэ.
Монголын үндэсний бөхийн салбар хороо эцэслэн шийдвэрлэхгүй. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд уламжилдаг. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаад Монгол Улсын ерөнхийлөгчид санал хүргүүлдэг дүрэм журамтай.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ