ФОТО: Жүжигчин Н.Онон, Ж.Мөнхсайхан нар гавьяат цол хүртлээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэнд, хууль, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хүнс, худалдаа, барилга, дэд бүтэц, спорт, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны Ёслол, Хүндэтгэлийн их танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулан өгөв.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
- Монгол үндэстний уламжлалт мал аж ахуйн соёлыг хөгжүүлэх болон хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хувь нэмрийг үнэлж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Санзайжавын Чулуунбаатар,
- Хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, мэс заслын шинэ арга технологи нэвтрүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад ажилтан Ныгметийн Есей нарт тус тус хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.
МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЭМЧ ЦОЛООР:
- Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, мэс заслын шинэ арга технологиудыг практикт нэвтрүүлэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Клиникийн хоёрдугаар нэгдсэн эмнэлгийн дарга Рэнцэнгийн Цэдэн-Иш,
МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ЦОЛООР:
Монгол Улсад чөлөөт бөхийн спортын суурийг тавилцаж, дэлхий нийтэд нэр алдраа дуурсгасан олон арван шилдэг тамирчид төрүүлж, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Хөдөлмөр” нийгэмлэгийн дасгалжуулагч Хангайн Намшир нарыг тус тус шагнав.
Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Чөлөөт уран бүтээлч, дуучин Төмөрийн Батсайхан,
“Икс Түц” продакшны захирал Нанжидын Онон,
“Маск” продакшны жүжигчин Жижирдоогийн Мөнхсайхан нарыг тус тус шагналаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ