Шинэ гишүүдийг тойрсон ШҮҮМЖ


Шинэ парламент уламжлал ёсооор анхны ээлжит чуулганаа өнгөрсөн долоо хоногт нээлээ. Энэ парламентын бараг тал хувь нь буюу 32 гишүүн анх удаа сонгогдсоноороо онцлогтой. Хэдийгээр МАН “улиран” үнэмлэхүй олонхийн суудал авч, эрх баригч хүчнээр сонгогдсон ч өмнөх парламентуудаас бүрэлдэхүүн, бүтцийн хувьд, уур амьсгалын хувьд ч тэр, тэр дундаа парламентын ардчилалыг бэхжүүлэхэд шинэчлэл авчирах магадлалтай гэж ажиглагчид таамаглаж байлаа. Гэвч, зарим шинэ гишүүдийн үг олны шүүмжлэлд өртсөөр байна. Ямартаа л төрийн тэргүүн намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ “Одоо жижиг сажиг сүржигнэл, хийрхлээ болиод орлого олох, иргэдээ орлогожуулахад төвлөрөөч гэж дахин дахин Та бүхнээс хүсэж байна. Ширүүн өвөл, эдийн засгийн доройтол ирж байна. Олон улсын байгууллагууд Монголын эдийн засгийг үлэмж агшина гэдгийг мөн анхаарууллаа. Ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах, үйлдвэрлэлийг яаж дэмжих гээд илүү чухал зүйлсэд ухаанаа Та бүхэн уралдуулаач ээ. Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбрижийн хөтөлбөр яриад байна вэ?” гэж шинэ гишүүдээр жишээлэн шүүмжлэх билээ.
Харин шинэ гишүүд шүүмжлэлийг хүлээж авах гэхээсээ цахим хуудсаараа хариу тайлбар хийж, өөрийгөө өмгөөлөх үйлдэл хийсээр байгаа нь олны зэвүү дургүйг хүргэсээр байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүн П.Анужин “Архины сав биш л дээ архидалт,дээлийн хээ биш л дээ төрийн ёслол хүндэтгэлийг хөндсөн л дөө ерөнхийлөгчөө @BattulgaKh,чухал сэдвүүдийг анхаарлын төвд ахин оруулж өгсөн танд талархлаа!” гэж өөрийгөө өмгөөлж, Ерөнхийлөгчид тал засан зусардсан постыг твиттер хуудсандаа жиргэсэн олны жигшлийг дэврүүлэв. Шинэ гишүүдэд чиглэсэн шүүмж намжаагүй байхад дараагийн попролоор даваллаа.
Нийслэлчүүд өглөө оройдоо түгжирч, нийтийн тээвэр хүрэлцэхгүй бухимдалтай байгаа энэ өдрүүдэд Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүн Г.Дамдинням “Өнөөдөр Зайсангаас Төрийн ордонд 15 минут давхиж ирлээ. Өчигдөр 45 минут алхсан. Түгжрэл бидний толгойд байдаг. Зарим хүмүүс машиндаа 3-4 цаг түгжирч байна гэж дуулдсан. Өөр өөрсдийн хэмжээнд шийдье” гэж жиргэсэн Бэлх, Сэлх, Чингэлтэй, Орбит, Баянхошуу, Улаанхуаран, Нисэх, яармагийнхан гээд холын чиглэлийн гэрийнхээ хажуунаас түгжирдэг заримд янз үзсэн, доромж үйлдэл боллоо. Зайсангаас байтугай 10 хороолол, Жуков, “Эрэл”-ээс ч иргэд автозамын түгжрэлээс сэргийлж, эртхэн гарч алхсаар ирдгийг шинэ гишүүн мэдэх хэдий ч попролоо өмнөө тавьсан байх талтай.
Ер нь УИХ-ын сонгууль дуусгавар болж, шинэ парламент бүрдээд гурван сар болж байгаа ч зарим шинээр сонгогдсон гишүүдийн баярын мишээл нүүрнээс нь арилаагүй, зүүдэндээ хөвсөн мэт өглөө бүр өөрийгөө чимхэж сэрээж байна уу гэлтэй үйлдэл гаргасаар байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүн А.Адъяасүрэн “Малчдын амьдрал хүнд байна. Ноолуурын үнэ өсөөгүй, гантай байснаас Баянхонгор аймгийн малчид зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Үүнээс бол арилжааны банкуудын чанаргүй зээл нэмэгдэх нь тодорхой боллоо. Иймд Баянхонгор аймгийн малчдын зээлийн төлөлтөд уян хатан хандах, тусгайлсан мөнгөний бодлого хэрэгжүүлэхэд арилжааны банкуудад дэмжлэг үзүүлэх боломж байгаа юу” хэмээн нийт малчдад бус нэг аймагт, тэр дундаа өөрийн төрсөн, сонгогдсон аймгийнханд таалагдах гэсэн нь түүнийг шүүмжлэлийн бай болголоо.
Түүнчлэн шинээр сонгогдсон гишүүдээс хувьсгалын гэхээсээ хувийн үзэл бодол дээрээ бат зогсдог эрхмүүд ч байна. Тухайлбал, Ховд аймгаас сонгогдсон гишүүн Ш.Адьшаа Хууль буцаах төслийг хэлэлцэж байх үед "Шүүхийн тухай хуулийн төслийг буцаах гэж байна. Энэ хуулийн төслийг Ц.Нямдорж сайдын үед өргөн барьсан. Өнөөдөр Ц.Нямдорж сайд өнөөдөр байхгүй. Ц.Нямдорж сайдын бодлогоор энэ Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулсан. Шударга шүүхийг цаашид байгуулан ажиллах тухай 150 гаруй зарчмын зөрүүтэй санал байгааг цаашид хэлэлцүүлж, эргэж харна уу. Шударга шүүх, шударга ёсны асуудал Монголын нийгмийн тулгамдсан асуудал байгаа шүү. Үүнийг шинэ Засгийн газрын бодлоготойгоо уялдуулж хараарай" гэсэн саналыг тавьж байлаа. Харин Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт "Шүүхийн тухай хуулийг Ц.Нямдорж хувь гишүүн биш Засгийн газар өргөн барьсан тул буцаан татаж байна" гэдэг тайлбарыг хийв. Ийнхүү энэ парламентын зарим шинэ гишүүдэд нийгэм, эдийн засаг, улс төрийн бүү хэл парламентын анхан шатны мэдлэг, мэдээлэл дутаж байгааг өөрсдийнх н үг, үйлдлээс харагддаг.
Гэхдээ мэдлэг, боловсрол, туршлагаараа нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд өөрсдийн байр сууринаас ханддаг шинэ гишүүд бусдыгаа үлгэрлэж байгааг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Энхбаяраар нараар жишээлж болно. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Сангийн дэд сайдаар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хуульзүйн дэд сайдаар ажиллаж байсан. Шинэ парламент бүрдээд ээлжит бус чуулган хуралдахад төсөв, эдийн засгийн болон хуульзүйн салбартай холбоотой төслүүдэд энэ хоёр гишүүний хэлсэн үг, байр суурь жинтэй тусч, олон нийт итгэл хүлээсэн шинэ залуу улстөрчид.
Харин намын далбаан дор төрд сонгогдсон зарим эрхмүүд УИХ-ын гишүүний албыг үүрэг хариуцлага гэхээсээ эрх, ямбыг дээгүүрт тавьдаг хандлагаа өөрчилж, хууль тогтоох дээд байгууллагын дэгийг сахиж, бусдаасаа суралцмаар байна.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ