“Хууль ёсны хулгайч”-д ял хүлээлгэсэн нь буюу Шалва Озманов гэж хэн бэ? 

img


Москва хотын шүүх “хууль ёсны хулгайч” гэгддэг Шалва Озманов (Кусо)-д 11 жилийн хорих ял оноожээ. Гэмт хэргийн ертөнцөд дээгүүр байр суурь эзлэх тухай шинэ зүйл ангиар ийнхүү шийтгэл ноогдуулсан нь Москвагийн хувьд анхны тохиолдол болж байгаа юм. 

 

Тбилисийн уугуул түүнийг хамгийн залуу зартай гэмт этгээд гэдэг. Тэрээр 34 настай. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэх болсон шалтгаан нь албадан саатуулах газарт бичсэн нууц зурвас болон шивээс нь гэнэ. 

 

Кусог өнгөрсөн оны тавдугаар сард Горячий Ключ хотод баривчилжээ. Анхандаа зөвхөн түүнийг зэвсэг ашиглан хүний эрүүл мэндэд зориудаар хүнд гэмтэл учруулсан, галт зэвсэг хууль бусаар худалдан авч, хадгалж байсан гэсэн зүйл ангиар буруутгажээ. 


Ялын дүгнэлтэд дурдсанаар, 2014 оны зун Озманов Москва хотын машин угаалгын газарт маргааны үеэр хууль бусаар худалдан авсан галт зэвсгээр тэндэхийн эзнийг  буудаж, ташааг нь шархдуулжээ. Улмаар бизнес эрхлэгч хүнд гэмтэл авсан байна. 


“Хохирогчтой эвлэрсний ачаар хэргийг дарагдуулж байв. Гэсэн ч мэдүүлэг өгөхөд бэлэн гэрчүүд олдсон” хэмээн Кусог баривчлагдсаны дараа 2019 онд "Прайм Крайм" мэдээлж байжээ. 

Түүний статусыг хэрхэн тодруулав 


Озмановыг “Пресня” №3 албадан саатуулах газарт хорьжээ. Энд байх үед нь “хууль ёсны хулгайч”-ийн бүхий л тушаал зааврыг биелүүлэн, түүнд зохих хүндлэл үзүүлэх шаардлагатай гэсэн нууц зурвасыг тэндэхийн ажилтнууд илрүүлсэн байна. 


Энэ бичигт хэд хэдэн “хууль ёсны хулгайч” гарын үсэг зурсан байх бөгөөд Москвагийн саатуулах газрын баривчлагдсан хүмүүст хаягласан байсныг шүүх хурлын тогтоолоос иш татан эх сурвалж мэдээлсэн байна. Нууц бичиг зөвхөн тэндэхийн хоригдлууд төдийгүй харгалзагч нарт хамааралтай байсан гэж саатуулах газрын нэгэн хамгаалагч ярьжээ. 


Захиргааныхантай сөргөлдсөн тохиолдолд “хууль ёсны хулгайч” Озманов зөвхөн Пресняд төдийгүй “Орос даяар ч хэд хэдэн саатуулах газруудад” олныг хамарсан бослого үймээн өдөөж чадна гэж нэгэн гэрч мэдүүлснийг мөн л ялын тогтоолд оруулжээ. 


Озманов Москва муж болон Красноярскийн хязгаарын нутаг дэвсгэрт тэр чигт нь нөлөөлөх хүрээлэлтэй гэж Прокурорын газар үзсэн байна. 

Озмановд хэрэг үүсгэх болсон нь түүний биен дээрх шивээс бөгөөд цээжин дээр нь найман хошуут од, загалмай, аалз бүхий шивээс байдаг аж. Энэ нь “хулгайчдын бүлэг”-т хамаардгийг илтгэдэг гэж шүүхийн соёл судлалын шинжээчид өгүүлжээ. Түүнчлэн ийм шивээсийг гагцхүү “дархлагдсан хулгайч” хийлгэдэг гэдгийг Москвагийн эрүүгийн эрэн сурвалжлах албаны шуурхай ажилтнууд өгүүлжээ. 


Кусо гэж хэн бэ? 


Озманов бол дээрмийн хэргээр хатуу дэглэмтэй хорих ангид 10 жил хоригдох ялыг 2018 онд сонссон Захарий Калашовын ач дүү гэнэ. Калашов Оросын зохион байгуулалттай гэмт хэргийн тэргүүнд тооцогддог байв. 


Озмановын авга ах Давид Азманов Красноярскийн хязгаарыг хянадаг хүн гэж тооцогддог гэнэ. Энэ статусыг тэрбээр 2013 онд амь насанд нь халдсаны улмаас амиа алдсан Оросын “хууль ёсны хулгайчид”-ийн эрүүгийн ертөнцөд хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болох Аслан Усояноос авч байжээ. 

 

“Давид Озмановтай багаасаа халамжинд нь байсан Шалва Озмановын гол гэмт хэргийн үйл ажиллагаа холбоотой” гэж Кусогийн хэрэгт бичжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр 2014 оны есдүгээр сарын гуравны өдөр Армавирт хулгайчийн “титэм”-ийг хүлээн авсан байна. 


Озмановынхан Олег Шишканов, Кахабер Парпалия зэрэг бусад нөлөө бүхий гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдтэй ихээхэн ойрын харилцаатай гэнэ. 


“Сатурн” хөлбөмбөгийн клубын эзэн асан, Шишканов гэдгээрээ алдартай Олег Медведевийг 2019 оны долдугаар сард мөн л гэмт хэргийн бүлэглэлд дээгүүр байр суурь эзэлдэг тухай зүйл ангиар баривчилжээ. Түүний хэргийг өнөө хэр нь шалгаж байгаа бөгөөд Шишканов саатуулах газарт хоригдож байгаа аж. 
Бага Озманов өмнө нь урт хугацааны хоригдох ял авч байгаагүй. Шүүхээс түүнийг зэвсэг хадгалсан, хулгай хийхийг завдсанд буруутгаж байсан ч цөөн жил хоригдох эсвэл тэнсэн харгалзах ял авч байжээ. Тухайлбал 2018 оны 10 дугаар сард Озмановыг Краснодар хотод 18 сумтай 10 мм калибрын Glock 22 Австрийн буутай явах үед нь баривчилжээ. Түүнийг хууль бусаар биедээ зэвсэг авч явсан хэргээр буруутгаж, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноож байсан аж. 

 

Энд дуулгахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2019 оны дөрөвдүгээр сарын нэгний өдөр “хууль ёсны хулгайчид”-д ноогдуулах шийтгэлийг чангатгах хуулинд гарын үсэг зурсан. Эрүүгийн хуулинд “гэмт хэргийн бүлэглэлд өндөр байр суурь эзлэх” гэсэн заалт оруулсан бөгөөд энэ зүйл ангиар буруутгагдвал таван сая хүртэлх торгууль ноогдуулахын зэрэгцээ 8-15 жил хорих ял оноох аж. Энэ зүйл ангиар тэнсэн харгалзах ял гэж тусгагдаагүй байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Энэ тэгээд бидэнд их хамаатай чухал мэдээ юу? Орост л хамааралтай юм биш үү?
2023-09-28