Сэтгүүлчид сагсан бөмбөгийн талбайд өрсөлдөнө

img

Сонирхогчдын сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг клубээс” зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн салбарынхны сагсан бөмбөгийн АШТ тун удахгүй болох гэж байна. Энэ жилийн тэмцээн шагналын сан өндөртэй оролцогч багуудын тоо ч өссөн нь тэмцээний цар хүрээ өргөжсөнийг илтгэж байна гэж зохион байгуулагчид ярьж байлаа. Уламжлал болсон энэ тэмцээнийг хэвлэл мэдээллийн сэтгүүлчид, уран бүтээлчид, ажилтнууд хүсэн хүлээдэг өрсөлдөөний нэг аль хэдийнээ болжээ. Өнөөдөр тэмцээний хэвлэлийн бага хурал спортын төв ордны хурлын танххимд боллоо. Харин хэвлэл мэдээллийнхний 2012 оны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний техникийн зөвлөгөөний хурал энэ сарын 26-ны өдрийн 14 цагт спортын төв ордонд болох аж. Өнгөрсөн жилийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдээс “Спортын цонх” сэтгүүлийн баг аваргалж байсан бол эмэгтэйчүүдээс “Ардчилал” сонины баг тамирчид тэргүүлж байлаа. Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн энэ сарын 28, 29-ний өдрүүдэд МУИС-ийн ЭЗС-ийн спорт танхимд явагдана. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 20 гаруй, эмэгтэй 10 багийн тамирчид оролцохоор мэдүүлгээ зохион байгуулах албаныханд ирүүлжээ. Хэвлэл мэдээллийнхний сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн телевиз, радио, сайт, сонин, сэтгүүл гээд мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хэн бүхний өмнө нээлттэй байдгаараа онцлогтой. Ингээд үзэгч, уншигч түмэндээ шинэ мэдээ мэдээлэл, уран бүтээлийг цаг алдалгүй хүргэж тэдний оюун ухаан, мэлмий сонорыг мялааж байдаг сэтгүүлчид, уран бүтээлчид энэ сарын сүүлчээр сагсан бөмбөгийн талбайд хуран чуулахнээ. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ