Н.Болормаа: Надад Ц.Батбаяр ямар компани шалгаруулж, яаж хандсаныг асуух эрх байгаагүй

img

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Н.Болормааг 2000 онд  “Өргөө” зочид буудлын хувьчлалыг сонгон шалгаруулалт явуулалгүй шууд хийсэн гэх үндэслэлээр хуулийнхан шалгаж байгаа гэсэн мэдээллүүд ирж байгаа. Энэ талаар түүнтэй ярилцлаа. -“Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудлыг хуулийнхан шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тухайн үед юу болсон, хэргийн явц одоо ямар байгаа талаар ярих боломжтой юу? -Энэ асуудал дээр манай Иргэдийн төлөөлөгчдийн хурал буруугүй. “Монцамэ” агентлагийн ар талын “Өргөө” зочид буудлын байрны хувьчлал явагдсан. Байр ч гэж дээ тэр байрны нэг орц байсан. 2007 оны наймдугаар сарын 17-ны өдөр тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяраас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандаж, нийслэлийн алдагдалтай ажиллаж байгаа байгууллагуудаа хувийн хэвшилд хувьчилъя гэсэн саналыг оруулж ирсэн. Эдгээрийн дотор “Өргөө” зочид буудлын асуудал орж ирсэн. Үүнийг 2007 оны есдүгээр сарын 6-ны өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Өргөө” зочид буудлын хувьчлалыг явуулахдаа төсөл, тендер шалгаруулалт явуулах нь зүйтэй гэдэг үндэслэлээр 159 тоот тогтоол гаргаж, буцаасан. Ингээд дахин 2007 оны аравдугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргын зүгээс дахин оруулж, хамтарсан компани байгуулахаар болсон. -“Хар дун” компани энэ зочид буудлын 75 хувийг эзэмших болсныг таньтай холбон тайлбарлаж байгаа юм биш үү? -Төсөл, тендерт орж ирж байгаа компаниудын шалгаруулалтыг Нийслэлийн Засаг дарга хийдэг. Миний хувьд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийнхээ олонхийн гаргасан шийдвэрийг л соёрхож, гарын үсэг зурдаг хүн. Нийслэлийн Засаг даргын эрхэд халдаж, дундаас нь өөр компани энэ тэр оруулж ирэх,тендерт оролцож байгаа компаниудын аль нэгт давуу эрх олгох эрх зүйн орчин надад байхгүй. Тухайн үед Иргэдийн төлөөлөгчдийн хуралд надтай хамт сууж байсан баг маш чадварлаг баг байсан. Тэдгээр хүмүүст хийсэн ямар нэг буруу зүйл байхгүй. Тухайн үед Нийслэлийн засаг дарга байсан Ц.Батбаяр ямар компани шалгаруулж, ямар журмаар асуудалд хандсаныг би асууж, шалгаагаад байх эрх зүйн орчин байхгүй. -Энэ хувьчлалыг явуулахдаа төр 25, хувийн хэвшил 75 хувийг эзэмших болсон нь олон хүний анхаарлыг татдаг байх? -2007 оны төсөв 2011 оны төсвийг харьцуулахад маш их зузаарсан байна. Тухайн үед нийслэлийн мэдлийн байгууллагуудын ихэнх нь алдагдалтай ажилладаг байлаа. Тиймээс Нийслэлийн Засаг даргын зүгээс Улаанбаатар хотод одоогоор энэ зочид буудал руу хийх хөрөнгө оруулалтын боломж нь 25 хувь байна. 75 хувийг нь хувьчилъя гэсэн санал гаргасан.  Харин ч “Өргөө” зочид буудлыг тухайн үед боломжийн хувьчилсан. Бусад хотын мэдлийн Улаанбаатар даатгал, Улаанбаатар банк, Улаанбаатар телевиз гээд олон байгууллагын хувьчлалыг менежментийн хувьчлал нэрийдлээр яаж балалсаныг олон хүн мэднэ. Одоо бол нийслэлийн мэдлээс энэ зочид буудал 100 хувь гарчихаагүй учраас буцаагаад авах ч боломжтой. -Хэргийн явц одоо ямар шатанд байгаа вэ? -Аливаа тендер шалгаруулалтад ялагдсан хүмүүсийн гомдол тасардаггүй шүү дээ. Энхжаргал гэдэг эмэгтэй энэ талаар гомдол гаргаж, гурван шатны шүүхээр орсон. Энэ хэрэгт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал буруугүй гэсэн шийдвэрийг гурван шатны шүүхээр гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл маргаан тасрахгүй байгаа. Сонгон шалгаруулалтын асуудал бол харъяаллаараа Нийслэлийн Засаг даргын мэдлийн асуудал. Би үүнд нь оролцох эрх зүйн үндэслэл байхгүй. Харин ч тухайн үед Нийслэлийн Засаг даргын зүгээс 100 сая гэсэн үнэлгээ оруулж ирсэнийг бид 450 сая болгосон. Би саяхан Ц.Батбаярын өгсөн ярилцлагыг уншсан. “Өргөө” зочид буудал алдагдалтай ажилласан, тэр хүн юу ч хийгээгүй нь үнэн. Нийслэлийн контор, орон сууц, зам менежментийн хувьсгал нэрийдлээр алга болсон. Ном журмынхаа дагуу шударгаар явсан нь буруудах гээд хууль бусаар явсан нь дээшээ гарч, хамгаалалтад ордог. Ийм зүйл байж болдог юм уу. Буруутанг нь гүйцэтгэх засаглалаас асуух хэрэгтэй. -Энэ тендерт шалгарсан компани нь таньтай ойрхон биш юм уу? -Шалгаруулалтад хэнийхээ ямар компанийг оруулж ирсэнийг би асуух ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Хүмүүс намайг М.Энхболд, С.Батболд, Н.Энхбаярынх юм уу энэ компанийг намайг оруулж ирсэн гэж хардаад байх шиг байгаа юм. Би хэнийхээ юмыг оруулж ирснийг мэдэхгүй. Гурван шатны шүүхийн шийдвэр хуулийн дагуу явсан гэж гарсан. Намайг нэг ажилд орох гэхээр ийм асуудлууд сөхөгддөг. -Уучлаарай. Албан тушаалд очих гэхээр асуудал гардаг гэдгийг тайлбарлахгүй юу? -Манай намын Бага хурал өвөл болсон. Хурал болохоос 2-3 хоногийн өмнө тендерт ялагдсан Энхжаргал гэдэг эмэгтэй намайг хэвлэлээр баахан гүтгэсэн. Хүн гүтгүүлээд байхаар сүүлдээ гайхдаг юм байна. Би намынхаа 25-р Их хурал дээр их ширүүн шүүмжлэл хэлсэн. Би дөрвөн жилийн хугацаанд ажилгүй байлаа. Нэг албан тушаалд очих гэхээр л хүмүүс яагаад ингээд байгааг ойлгохгүй байна. -Та ямар албанд очих гэж байгаа юм бэ. Эртнээс яригдсан хэрэг үү? -Хүний сурсан мэдсэн зүйлийг хэн ч авч чадахгүй. Би өөрийнхөө сурсан, чаддаг зүйлээ л хийгээд явна.Одоогоор ямар нэг албан тушаалд очих талаар яриагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. -Таныг ирэх сонгуульд өрсөлдөнө гээд байсан? -Тийм зүйл байхгүй. Би өрсөлдөхгүй. Эцэст нь хэлэхэд, нийслэлийн нэг ширхэг ч өмчийг худалдаж авах бодол надад байхгүй. С.Энхзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ