Футзалын цомын тэмцээнүүд эхэллээ

img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор футзалын цомын тэмцээнүүд эхэллээ. Заалны хөлбөмбөгөөр хүүхэд, залуучууд хичээллэх дуртай болжээ. FIFA-ийн “Goal” төслийн хүрээнд хийгдсэн шинэхэн ордондоо Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2012 оны тэмцээн, уралдаан, сургалтуудаа эхлүүллээ. Хөлбөмбөгийг хөгжүүлэхийн төлөө Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хамт 2011 онд ихээхэн зүйлсийг амжуулсан. Товч дурдахад Италийн алдарт Милан багийг Монголд авчран хүүхэд, багачуудын дунд фестивалийг амжилттай зохион байгуулан, Дэлхийн ХХ зууны шилдэг хөлбөмбөгчний нэг Франко Барезиг Монголд авчирсан юм. Мөн мэргэжлийн FC Ulaanbaatar клубыг байгуулан МХБХ-ны Нийслэл лигд зөв удирдлага дор орсон нь үр дүнгээ өгч, Лигийн аварга авсан бахдам амжилт үзүүлсэн билээ. МХБХ-той ч тэд нягт хамтран ажиллаж, Улаанбаатар хотын дүүргүүдэд “Нийслэлийн хүүхдийн хөлбөмбөгийн өдөрлөг”, баг, хороодод чиглэсэн “Street football” зэрэг үйл ажиллагаа хамтран зохион байгуулсан нь МХБХ-ны 2011 оны “Шилдэг хамтран ажиллагч байгууллага”-аар шалгарах боломжийг бий болгон, МХБХ-ны “Гавъяаны одон”-гоор шагнуулсан билээ. Энэхүү амжилтаа 2012 онд улам өргөжүүлж, нийслэлийн хүн амын дийлэнх хэсгийг эзэлдэг хүүхэд, залуучуудыг эрүүл чийрэг иргэн болгон өсгөж, төлөвшүүлэхэд чиглэсэн бодитой, үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулах, ирээдүйд эх орныхоо нэр алдрыг тив дэлхийд гаргах сайн хөлбөмбөгчдийг төрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмрээ оруулах үүднээс ийнхүү футзалын сургалт, фестиваль, уралдаан, тэмцээнд анхаарлаа хандуулан ажиллахаар шийдвэрлэжээ. Энэ жилийн футзалын тэмцээн онцлог явдлуудаар дүүрэн болохоор болж байна. Учир нь Футзалын Ордонд болж байгаа бүх тэмцээн, уралдаан, сургалтууд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор явагдах ажээ. Энэ хүрээнд хүүхэд багачууд, насанд хүрэгчид, ахмадууд, охид, эмэгтэйчүүдийн тэмцээн уралдаан болох бөгөөд бага насны хүүхдүүдэд зориулсан хөлбөмбөгийн фестиваль, сургалтууд, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор гадаад, дотоодын шүүгч болон дасгалжуулагч нарын сургалтууд явагдахаар болж байна. Одоогийн байдлаар 13, 15, 17 хүртэл насны хөвгүүдийн дүүргийн тэмцээнүүд явагдаж дуусаад байгаа бөгөөд тэднээс шалгарсан дүүргийн шигшээ баг болон МХБХ-ны клубууд 2 дугаар шатны тэмцээн уралдаандаа өрсөлдөхөд бэлэн болоод байна. Үүнтэй зэрэгцэн Лигийн багуудын дунд тэмцээн 1 дүгээр сарын 23-наас эхлэхээр боллоо. Хөлбөмбөг сонирхогч, залуучууд, аж ахуйн нэгжүүдийн дунд зохион байгуулагддаг “CITY CUP” тэмцээн футзалын төрлөөр нэмэгдсэн бөгөөд 2012 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэхээр болсон байна. Одоогийн байдлаар бүртгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд 01 дүгээр сарын 25-27-ны хооронд МХБХ-ны байранд хүрэлцэн ирж өгөх боломжтой ажээ. Мөн ахмадын, охид, эмэгтэйчүүдийн тэмцээнүүд 2, 3 дугаар саруудад болох бөгөөд аваргууд 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тодрохоор болжээ. Футзалаар өрсөлдөх мөн үзэж, сонирхох хүсэлтэй хүүхэд, багачууд та бүхнийг МХБХ-ны Футзалын ордонд 2012 оны 1 дүгээр сарын 23-наас 3 дугаар сарын 17 хүртэл хугацаанд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

saikhanaa:
manai bag margash hojnoo songin hairhan duurgiin shigshe bagiig demjejtsgeey
2012-01-22