COVID-19: Чех дахин хөл хорионд оров
2020-10-22

Чех улсад коронавирусийн халдвар эрс нэмэгдэж байгаагийн улмаас 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хөл хорио тогтоохоор болжээ. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Роман Прымула болон Ерөнхий сайд Андрей Бабиш нар Засгийн газрын хуралдааны дараа мэдэгдсэн байна. 

 

Ингэснээр Чех улс цар тахлын үед хатуу хязгаарлалтад эргэн орсон Европын хоёр дахь орон болсон талаар Дойчи Вилли мэдээлсэн байна. Хязгаарлалтыг эхний ээлжинд 11 дүгээр сарын гуравны өдөр хүртэл тавьсан бол ирэх долоо хоногийн баасан гарагт дахин сунгаж магадгүй гэнэ.

 

Шинээр тавьсан хязгаарлалтын хүрээнд жижиг дэлгүүрүүд болон үйлчилгээний газрууд түр хугацаанд хаагдах бол зоогийн газар, кафе зөвхөн авч явах захиалгаар үйлчлэх аж. Чехийн оршин суугчид зөвхөн ажилдаа явах, эмчид үзүүлэх эсвэл хүнс болон нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн авах зорилгоор л гэрээсээ гарч болно. Мөн цэцэрлэгт хүрээлэнд зугаалахыг зөвшөөрчээ. 

 

Засгийн газрын захирамжийн дагуу иргэд гагцхүү хойшлуулашгүй тохиолдолд оршин буй газраасаа өөр нутаг дэвсгэррүү зорчих боломжтой, харин нийгмийн харилцааг "шаардлагатай хамгийн бага түвшин хүртэл" багасгахыг зөвлөсөн байна. Тодруулбал, иргэд гэр бүлийнхнээсээ гадна өдөрт хоёр л хүнтэй нүүр тулан харилцаж болно гэж заажээ. 

 

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн бүх хүн амны хаалт зүүх журам үйлчилэж байна. Харин гэр дотроо болон спортоор хичээллэх үед амны хаалтгүй байж болох гэнэ. Спортын болон соёлын арга хэмжээнүүдийг цуцлан, олон нийтийн газарт согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ. 

 

Шинэ хоригийн улмаас худалдааны цэгүүдээ хаах шаардлагатай болсон бизнес эрхлэгчдэд сүүлийн гурван сарын түрээсийн төлбөрийг улсаас нөхөн төлөх юм байна. Түүнчлэн тэд ажилтнуудынхаа цалингийн зардлыг бүрэн хэмжээгээр төрөөс авах аж.

 

Энд дуулгахад, 10 сая хүн амтай Чех улсад коронавирусийн халдварын тохиолдол 209 мянга бүртгэгдсэн бөгөөд сүүлийн үед өдөрт нэмэгдэх тохиолдлууд эрс өссөн байна. Аравдугаар сарын 21-ний байдлаар гэхэд л хоногт 11 984 тохиолдол шинээр илэрчээ. Халдварын өсөлт ирэх сарын 11 хүртэл үргэлжилнэ гэж Чехийн мэргэжилтнүүд таамагласан байна. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 209 мянга бүртгэгдсэн бол үүнээс 83 136 хүн эдгэрч, 1739 хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tэнд 15000 гаруй монголчууд ажиллаж амидарч байгаа
2020-10-22