Баянхонгорын сурагчид дэвтрээ монгол бичгээр бичсэн төрийн дуулал, далбаагаар хавтаслажээ

img

 

Баянхонгор аймгийн сурагчид үндэсний бичгээр төрийн дууллаа бичсэн дэвтрийн хавтсаар ижилсжээ. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлэх, багш суралцагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, монгол хүний хөгжил, монгол ахуй өв соёл, зан заншлыг сурталчлах зорилгоор зохион байгуулж буй “Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аянд Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд нэгдсэн байна.  


Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 31 сургуульд 18410 хүүхэд суралцаж тус аянд нэгдэн хүүхэд бүр монгол хэл бичгийн хичээлээр дамжуулан Төрийн дууллаа зөв бичих, цээжлэн дуулж сурах, сурагчдад төрийн дууллын мөн чанар, утга агуулга, түүхэн уламжлалын талаар  ойлгуулах,  төрт ёс тусгаар тогтнолоороо бахархах үзэл санаа төлөвшүүлэх зорилго тавьжээ. Бага, дунд, ахлах ангийн сурагчдын монгол хэлний хичээлийн дэвтрийн хавтсыг Монгол улсын төрийн далбаагаар фон болгон  төрийн дууллыг үндэсний бичгээр бичин хавтаслаж аймгийн хэмжээнд өглөө, өдрийн ээлжийн хичээл эхлэхээс 5 минутын өмнө багш сурагчид “Төрийн дууллаа”  хүндэтгэн дуулж хэвшсэн гэнэ. Цаашид “Төрийн дууллаа хүндэлье” зохион бичлэг, эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулах, эцэг эх олон нийтийг тус аянд нэгтгэх арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд  байгаа аж.

 

Э.Үүрийнцолмон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

аа:
одоо бүх юмыг үндэсний бичгээр бичих хэрэгтэй. зөв санаа зөв шийдэл
2020-11-04